АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден 2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр гэхэд Афганистанаас цэргээ бүрэн гаргаж дуусгах талаар 4 дүгээр сарын 14-ний өдөр мэдэгдлээ. Мөн НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Женс Столтенберг “Шийдвэртэй дэмжлэг ажиллагаа”-нд оролцож буй гадаадын 7500 орчим цэргийг Афганистанаас гаргах ажиллагааг богино хугацаанд хэрэгжүүлнэ гэдгээ зарласан нь тус улсын төдийгүй бүс нутгийн аюулгүй байдалд цаашид хэрхэн нөлөөлөх нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.

Афганистаны өнөөгийн нөхцөл байдал.

Сүүлийн 20 жилийн турш Афганистанд явуулсан дайнд давхардсан тоогоор 800 мянга орчим америк цэрэг оролцсоноос 2300 гаруй нь амь үрэгдэж, 20 мянга орчим нь шархадсан бөгөөд америкийн татвар төлөгчдийн 2 их наяд гаруй ам.доллар зарцуулагджээ. Одоо “Афганаас ирэх бодит аюул байхгүй болсон тул цаашид цэргийн ажиллагаа явуулах шаардлагагүй” гэсэн байр суурийг Цагаан ордон баримталж байна.

Хагас зуун жил үргэлжилсэн дайн, дотоодын үймээн самууны явцад Афганистан улс өдгөө “God’s forgotten country” буюу “Бурханд мартагдсан улс” (Гадаадын цэргүүдийн албан бус хэллэг) хэмээн нэрлэгдэх болжээ. Ойрхи Дорнод, Европ, Ази руу чиглэсэн их гүрнүүдийн цэрэг-стратегийн бодлого дахь “Шатрын морины нүүдэл”-ийн хамгийн ашигтай байрлалын төлөөх ил далд тэмцлийн нөлөөгөөр Афганистан улс “Бурханд мартагдах” хүртлээ хямралд орсон гэж болно.

Өнөөдөр тус улсын газар нутгийн ихэнх хэсгийг Үндэсний аюулгүй байдлын хүчин гадаадын цэргийн дэмжлэгтэйгээр хянаж байгаа гэгддэг ч идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 60 мянга (албан бус мэдээгээр) орчим талибан дайчдын хяналтанд нутаг дэвсгэрийн 54 орчим хувь нь байна гэж судлаачид үздэг.

Афганистаны Үндэсний аюулгүй байдлын хүчин (бие бүрэлдэхүүн 300 мянга орчим) томоохон суурин газруудын аюулгүй байдлыг хангах үндсэн үүргээ хөдөлгөөнт хориглолтын тактикаар гүйцэтгэж байгаа бол АНУ болон түүний холбоотнууд орон нутаг дахь цэргийн баазуудыг Афганы талд шилжүүлж, зэвсэглэл, техник хэрэгслээ тээвэрлэхэд бэлтгэж эхлээд байна. АНУ-ын Төвийн цэргийн командлагч генерал МакКензи “Цэргийн хүчний татан гаргалтын үеийн аюулгүй байдлыг хангах болон гарсны дараа шаардлагатай нөхцөлд богино хугацаанд цэргийн ажиллагаа явуулах арга замыг тодорхойлох төлөвлөлтийг хийж байгаа” хэмээн мэдэгдсэн нь холбоотны цэргийн ажиллагаа цаашид ч үргэлжлэх магадлалтайг харуулж байна. Тэрээр америкийн цэргүүд Афганистаныг орхисны дараа тус улсын аюулгүй байдлын хүчин, тэр дундаа нисэх хүчний бие даан үүрэг гүйцэтгэх чадавхид эргэлзэж байгаагаа Конгресст илэрхийлсэн. Мөн 2010-2011 онд Афганистан дахь АНУ-ын болон НАТО-гийн Цэргийн хүчний командлагчаар ажиллаж байсан генерал Дэвид Петреус ч түүнтэй адил байр суурьтайгаа илэрхийлж байгаа юм.    Афганистанаас цэргээ гаргах Ж.Байдены шийдвэрийн хариуд талибанчууд үйл ажиллагаагаа идэвхижүүлж, тунхаглаж эхлэлээ. Харин Афганистаны Засгийн газар болон Талибаны хоорондын энхийн хэлэлцээр цаашид хэрхэн өрнөх нь тодорхойгүй байна. 2020 онд Катарын нийслэл Доха хотод болсон хэлэлцээрийн дүнд Америкийн тал 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гэхэд Афганистанаас цэргээ гаргах, энэ хугацаанд талибанчууд америкийн цэргийн эсрэг чиглэсэн халдлага хийхгүй байх тохиролцоонд хүрсэн билээ. Гэвч цэрэг гаргах хугацааг 9 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл сунжруулж буй мэдэгдэлтэй холбоотойгоор талибанчуудын зүгээс гадаадын цэргийг эх орноосоо бүрэн гартал энхийн хэлэлцээрт орохгүй гэсэн байр суурь илэрхийлээд байгаа төдийгүй 4 дүгээр сарын 24-ний өдөр Турк улсад зохион байгуулахаар төлөвлөж байсан Америк-Талибаны дээд хэмжээний уулзалтыг “Рамадан” сарыг дуустал буюу 5 дугаар сарын 12-ыг дуустал хойшлууллаа. Хүлээгдэж байсан энэхүү уулзалтын үр дүнгээс гадаадын цэргүүд гарсны дараа тус улсын улс төрийн дотоод нөхцөл байдал хэрхэн өрнөхийг таамаглаж болох байсан гэж зарим судлаачид үзэж байна.

Бүс нутгийн зарим орнуудын байр суурь, хандлага

ОХУ. Америкийн цэрэг гарсны дараа Афганистанд хэн засаглал тогтоох нь Москвад одоогоор төдийлэн сонин биш бөгөөд юуны түрүүнд иргэний дайн дахин дэгдэж ОХУ-ыг чиглэсэн дүрвэгсэдийн аюул нүүрлэх, исламын хэт даврагч бүлэглэлүүдийн үйл ажиллагаа Төв Азийн орнуудад хүрээгээ тэлж улмаар Оросын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөс болгоомжилсон байр суурь баримталж байна. Гэхдээ өөрийн ашиг сонирхлыг хамгаалсан томоохон тоглогч байхын тулд Хятад, Энэтхэг, Пакистантай хамтран ажиллаж АНУ-ыг Төв Азийн бүс нутгийн стратегийн тоглолтоос гаргахыг зорих төлөвтэй. АНУ-ын улс төр судлаач Кэтрин Стоунер “АНУ-ын зүгээс ОХУ, Талибаны харилцаанд санаа зовохгүй, харин ч исламын бүлэглэлтэй хийх улс төрийн тохиролцоонд Москвагийн нөлөөг ашиглах сонирхолтой байгаа. Энэ нөхцөлд Оросын тал хүний эрхийн асуудалд төдийлэн анхаарал тавихгүй байх нь талибанчуудын ашиг сонирхолд нийцнэ” гэж дүгнэсэн нь талибанчууд засгийн эрхэнд гарсан ч ОХУ-ын нөлөө байсаар байхыг илэрхийлж байна.

БНХАУ. Афганистанаас цэргээ гаргах АНУ-ын шийдвэр нь Бээжингийн хувьд Төв Азийн бүс нутагт улс төр, эдийн засгийн нөлөөгөө нэмэгдүүлэх том боломж юм. Афганистан нь БНХАУ-тай ШУӨЗО-ны XIX зуунд Орос, Их Британий эзэмшил нутгийг зааглаж бий болгосон Ваханы коридорын 76 км зурваст Памирын уулсын 4923 м өндөр, одоогоор тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжгүй газраар хиллэдэг.

БНХАУ, Афганистан руу хандах хамгийн боломжтой гарцыг олон жилийн туршлагатай, энэ чиглэлд хамгийн ойр стратегийн түнш Пакистантай хамтран хэрэгжүүлэх нь зөв алхам хэмээн харж байна. Энэ зорилтоо хэрэгжүүлэх хүрээнд Афганистаны цаашдын хувь заяаны талаар Пакистантай тогтмол мэдээлэл солилцож, мөн “Уйгарын салан тусгаарлагчид”-ыг дэмжихгүй байх амлалтыг талибуудаар хамтран гаргуулсан төдийгүй зарим өндөр албан тушаалтнуудыг Афганистаны асуудлаарх нууцын зэрэглэлтэй зөвлөгөөнд ажиглагчаар оролцуулж байгаа6 талаар АНУ-ын жил бүрийн тагнуулын илтгэлд дурджээ.

Бээжин Афганистаны эдийн засагт нөлөөгөө бэхжүүлэх энэ хүрээнд олон улсын төсөл хөтөлбөрүүддээ хамруулах боломжийг судалж байна. БНХАУ-ын дарга Си Зиньпин Афганистанд хөрөнгө оруулалт хийхийг “шахаж” байгаа хэдий ч тус улсын аюулгүй байдлын баталгаагүй нөхцөлөөс шалтгаалан удаашралтай байна. Гэсэн хэдий ч Хятад нь тус улсын хамгийн том хөрөнгө оруулагч болоод байгаа юм. Цаашид “Бүс ба зам” санаачилгын хүрээнд Афганистаны уул уурхайн салбарт чиглэсэн их хэмжээний хөрөнгө оруулахын зэрэгцээ зөөлөн хүчний бодлогоо хэрэгжүүлэхийг зорьж байна.

Нөгөө талаар Хятадын удирдлага Афганистаны тогтворгүй байдал нь дотоодын тэр дундаа ШУӨЗО-ны аюулгүй байдалд нөлөөлөхөөс болгоомжилж байна. Үүнтэй холбоотойгоор Афганистантай залгаа хил орчмын аюулгүй байдлыг хангах, хар тамхи, мансууруулах бодисын хууль бус наймаа дотоодод нэвтрэх болон “Исламын улс” бүлэглэлийн Төв Азийн бүс нутаг, ШУӨЗО руу чиглэсэн үйл ажиллагааг хязгаарлах халхавчийн дор Бадахшан мужид ХАЧА-ийн цэргийн баазыг байгуулах зорилтоо хэрэгжүүлж улмаар тус улс дахь цэрэг-стратегийн нөлөөгөө нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна.

Энэтхэг. Хэдийгээр Афганистантай хил залгадагүй, шашин шүтлэг өөр хэдий ч өөрийн геостратегийн ашиг сонирхлоо Оросын тусламжтайгаар хэрэгжүүлж ирсэн. Афганистаныг чиглэсэн Энэтхэгийн улс төр, эдийн засгийн бодлого нь хүмүүнлэгийн тусламж, зам, барилга болон Туркменстаны байгалийн хийг Афганистан, Пакистанаар дамжуулан Энэтхэгт хүргэх ТАПИ хийн хоолойн төсөл хүртэл өргөн хүрээг хамарч байна. Уламжлалт харилцаатай барууны орнуудын хатуу болзол тулгасан тусламжийг авахаас аливаа нөхцөл тавиагүй Энэтхэгийн тусламжийг авах нь Афганы талд ашигтай гэдэг нь тодорхой. Гэвч Энэтхэг, Афганистаны харилцаа сайн байх нь Пакистаны талыг баримтлагчдад огт таалагдахгүй бөгөөд эвслийн цэргийн хүчин гарсны дараа Талибанчуудын нөлөө нэмэгдэх нь хоёр орны цаашдын харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй.

Пакистан. Афганистанаас цэргээ гаргах тухай АНУ-ын шийдвэр нь Пакистан, Энэтхэг, БНХАУ, ОХУ гэсэн бүс нутгийн “Стратегийн тоглогч” орнуудын ашиг сонирхолд нийцэж байгаа нь дамжиггүй юм. Пакистаны Гадаад хэргийн сайд Шах Мехмуд Куреши Германы Гадаад хэргийн сайд Хайко Маастай уулзах үеэр “Афганистаны энхийн үйл явцад Пакистан улс голлох тоглогч байх болно” хэмээн мэдэгдсэн нь тус улсын ашиг сонирхлын тод илэрхийлэл, гэж болно. Пакистан, Талибанчуудын харилцаа холбоо эртний улбаатай бөгөөд энэ ч утгаараа тэднийг Америкийн талтай хэлэлцээрийн ширээний ард суухад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн нь тодорхой юм. Афганистаны ирээдүйн засгийн газарт талибанчуудын нөлөө их байх нь Исламабадад илүү ашигтай тул дэмжих ажиллагаа явуулахаа ч нуухгүй байгаа юм.

Товчхон дүгнэхэд, холбоотны цэрэг Афганистанаас бүрэн гарч байгаа нь олон жилийн өмнөөс яригдсан, бүс нутгийн стратегийн тоглогч нарын урдьчилан харж байсан үйл явдал хэдий ч Талибанчуудад олон тал дээр буулт хийж яаравчлан орхиж байгаа нь сүүлийн 20 жилийн туршид афганд дөнгөж тогтоод байсан хүний эрхийн асуудал тэр тусмаа эмэгтэйчүүдийн эрхийн асуудалд том ухралт болоод зогсохгүй Төв Азийг чиглэсэн хүмүүнлэгийн хямралын эхлэл ч болж болзошгүй юм.
АНУ, НАТО-гийн цэргүүд тус улсаас бүрэн гарсны дараа афганы улс төрийн амьдрал хэрхэн өрнөх нь ээдрээтэй хэвээр байна. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа Талбинчуудын нөлөө тэлэхийн хэрээр сэтгэл зүйн бэлтгэл сул Афганистаны аюулаас хамгаалах хүчний бүрэлдэхүүн одоогийн засгийн газраа бүрэн хамгаалж чадахгүй гэдэг тодорхой юм. Ийм нөхцөлд гадаадын цэргийн хүчин гарсны дараа энхийн хөгжлийн замд тууштай орох уу эсвэл Сирийн тавилтаар явж иргэний дайны хөлд нэрвэгдэхүү гэсэн хоёр тэс өөр хувь тавилан Афганистан улсыг хүлээж байна.

Similar Posts