Гурван сар үргэлжилж буй Бахмутын тулалдаанд оросууд түүний эргэн тойрны ихэнх тосгодыг эзэлж хотыг гурван талаас нь бүсэлж, Украины цэргүүдийг ухрах байдалд оруулаад байсан бол өчигдөр Украины Дээд Командлал “Бахмутаас ухрахгүй, харин ч хүч нэмэгдүүлж, хотыг эцсээ хүртэл хамгаалах” шийдвэр гаргаснаар тулалдаан дахин хэдэн сар ч үргэлжилж магадгүй нөхцөл байдал үүсээд байна.
Оросын цэргүүд украинчуудыг ухраах, хотоос шахан гаргах зорилгоор Бахмутын баруун чиглэлийн ар тал хангалтын замыг удаан хугацаанд нээлттэй байлгасан. Өнгөрсөн долоо хоногт Украины цэргүүд ухрах бэлтгэлээ хангах үүднээс Бахмутын стратегийн хоёр чухал гүүрийг дэлбэлж байсан юм. Гэвч өчигдөр Украины Дээд командлал, Ерөнхийлөгч Владимир Зеленский тус хотыг үргэлжлүүлэн хамгаалах шийдвэр гаргалаа.
Дээд командлалын хуралдаан дээр В.Зеленский Бахмутын тулалдааныг Украины дайны хамгийн том үр дүнтэй тулалдаан гэдгийг онцлоод Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Валерий Залужный, Хуурай замын цэргийн командлагч Александр Сирский нараас хотоос гарах, ухрах эсэхийг шууд асуусан бол тэд “Ухрахгүй, хүчээ нэмэгдүүлэх” санал дэвшүүлж, Ерөнхийлөгч тэдний саналыг баталснаар Бахмутын тулалдаан удаан хугацаанд үргэлжлэх, цаашлаад Украины дайны хувь заяаг шийдвэрлэх талбар болохоор байна.
Оросууд Бахмутын чиглэлд хоногт дунджаар их буу, пуужинт артиллерийн 100 гаруй цохилт хийн, дайснаа залхаах, сэтгэл санаа, байлдах чадварыг нь унагах тактикаар тэднийг Северодонецк, Лисичанск, Соледарт хийсэн шиг ухралтыг Бахмутад хийнэ гэж тооцолсон нь талаар болж байна.
Цаашид Украины тал барууны орнуудад голдуу бэлтгэгдсэн цэргүүдээр Бахмут хотыг хүч нэмэгдүүлэн хамгаалж, улмаар сөрөг довтолгоо хийх төлөвтэй бол оросууд хотыг бүсэлж, их буугаар их хэмжээний цохилт өгөх зэргээр тулалдаан улам ширүүн үргэлжлэх төлөвтэй байна.