Украинтай хиллэдэг Оросын Брянск мужид “хорлон сүйтгэгчид” өчигдөр буюу гуравдугаар сарын 2-нд нэвтэрч, террорист ажиллагаа явуулсан хэмээн Ерөнхийлөгч В.Путин мэдэгдлээ. Брянск мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан В.Путин гуравдугаар сарын 2-нд хийхээр төлөвлөж байсан Пятигорск руу хийх аяллаа цуцалж, Аюулгүйн зөвлөлийн шуурхай хуралдаанаа өнөөдөр хийхээр төлөвлөж байна.

Эх сурвалж: https://www.kommersant.ru/doc/5844945?from=doc_vrez

Хорлон сүйтгэгч террористууд Оросын хил нэвтэрч, өглөөний 8 цагийн орчимд хилийн ойролцоох Брянск хотоос 20 километрийн зайд орших Лубечане тосгонд террорист халдлага үйлдсэн байна.

Любечане тосгон нь 200 хүн амьдардаг, сургуульгүй жижиг тосгон бөгөөд  Новый Ропск дахь томоохон тосгоны сургууль руу хүүхдүүд хичээлдээ явах үеэр хүүхэд тээвэрлэж явсан машин руу хорлон сүйтгэгчид гал нээжээ.

Халдлагын улмаас машины жолооч нас барж, машинд  байсан гурван хүүхэд амьд үлдсэн ч  нэг хүүхэд нь хүндээр шархдаж Брянск мужийн хүүхдийн эмнэлэгт хагалгаанд орсон байна. 

Хорлон сүйтгэгчдийг  устгах, хилээс хөөн гаргах сөрөг ажиллагааг Оросын аюулгүй байдлын албаныхан, цэргүүд амжилттай явуулжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков тус халдлагыг “террорист халдлага” хэмээн нэрлэж, Украиныг буруутгаж байгаа боловч “Украин Оросын нутаг дэвсгэр рүү дайрдаггүй, хорлон сүйтгэгчид илгээдэггүй, тэнд хүмүүсийг, ялангуяа энгийн иргэдийг алдаггүй. Украинд энэ хэрэггүй. Энэ бол өдөөн хатгалга” хэмээн Ерөнхийлөгч В.Зеленскийн зөвлөх Михаил Подоляк мэдэгдэж байна.

Similar Posts