ОХУ-ын Засгийн газрын цэргийн аж-үйлдвэрлэл эрхэлсэн Шадар сайд Ю.Борисов “Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагаандаа лазерын зэвсэг буюу 5 км хүртэлх зайд байг онох чадвартай “Задира” лазерын цогцолборыг ашиглаж эхэлсэн” талаар 2022 оны тавдугаар сарын 18-нд Оросын телевизийн нэгдүгээр сувгаар мэдэгдлээ.
Тэрээр “Задира” цогцолборын анхны нэгжүүдийг Украинд явуулж буй тусгай ажиллагаанд ашиглаж эхэлсэн бөгөөд энэ долоо хоногийн мягмар гарагт Украины 5 км-ийн өндөрт нисэж яваа дроныг таван секундын дотор шатааж сөнөөснөөр анхны байлдааны туршилт амжилттай явагдлаа хэмээсэн.
2018 оноос зэвсэглэлд оруулсан лазерын “Пересвет” цогцолбор нь эрчим хүч их хэмжээгээр шаарддаг тул голдуу суурин байрлаж, баллистик пуужин болон 1500 км өндөрт байгаа дайсны хиймэл дагуул, тагнуулын системийг лазерын цацрагаар идэвхгүй болгох чадвартай бол “Задира” цогцолбор нь илүү хөдөлгөөнт, маневрлах чадвартай, эрчим хүч бага хэрэглэдэг. Мөн “Пересвет” нь алсын зайнаас электрон хэрэгслэлийг ажиллагаагүй болгох чадвартай бол лазерын “Задира” нь 5 километрийн зайд байгаа объектыг шууд шатааж жагсаалаас гаргах чадвартайгаараа онцлог аж.