Умард Солонгос өнөөдөр өглөөний 8 цаг 50 минутын орчимд зүүн эргийнхээ Вонсан хотын ойролцоох цэгээс Японы Зүүн тэнгис рүү ойрын тусгалын гурван баллистик харвалаа. Пуужингийн нэг нь хоёр Солонгосын маргаантай далайн хил болох Хойд хязгаарын шугамаас өмнө зүгт олон улсын усан хилд унасан бол нөгөө хоёр нь Өмнөд Солонгосын зүүн эрэгт орших Сокчо хотоос 57 км зайд, Уллён арлаас 167 км зайд далайн усанд унажээ.
Пуужин харвасантай холбогдуулан Өмнөд Солонгосын тухайн орон нутгийн эрх баригчид агаарын довтолгооны анхааруулах дуут дохиог ажиллуулж, улмаар
Ерөнхийлөгч Юн Сук Ёл тус улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн яаралтай хуралдааныг зарласан бол Японы Ерөнхий сайд Ф.Кишида Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө мөн хуралдуулж байна.
Пхеньяны энэ удаагийн пуужингийн харвалт нь өнгөрсөн даваа гарагт эхэлсэн АНУ, Өмнөд Солонгосын “Сэрэмжтэй шуурга” хамтарсан агаарын цэргийн сургуулилттай холбоотой юм. АНУ, Өмнөд Солонгос, Японы хамтарсан цэргийн хээрийн сургуулилтын хариуд Умард Солонгос он гарснаас хойш 29 пуужин харвасны 23 нь баллистик пуужин байна. Тухайлбал, өнгөрсөн 10 дугаар сарын 28-нд Японы тэнгис рүү дунд тусгалын баллистик пуужин, 10 дугаар сарын 13-нд алсын тусгалын стратегийн далавчит пуужин харвасан юм.