Иран улс Саудын Араб дахь объектуудад халдлага үйлдэхээр төлөвлөж байна хэмээн тус улсын тагнуулын алба сэрэмжлүүлсний дараа Ойрх Дорнод дахь АНУ болон Саудын Арабын цэргийн хүчин өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байна. Иран улсад 2022 оны есдүгээр сарын 16-наас өрнөж буй дотоодын үймээн самуунд тус улсын эрх баригчид Саудын Араб, АНУ, Израилыг буруутгаж байгаа нь Ираны зүгээс авч ийм арга хэмжээ авч болзошгүй гэх хардлагад хүргэж байна.
Иран дахь өнөөгийн үймээн самуун нь курд гаралтай иран эмэгтэй тухайн үед хувцаслалтын дүрэм зөрчсөн шалтгаанаар Ираны ёс суртахууны цагдаад саатуулагдан амиа алдсаны дараа улс орон даяар эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх эсэргүүцлийн жагсаал болон өрнөснөөс үүсэлтэй юм.
Хэдийгээр Ираны Гадаад хэргийн яамнаас “Исламын Бүгд Найрамдах Иран Улс сайн хөршийн бодлогыг баримталдаг бөгөөд харилцан хүндэтгэх зарчмын үндсэн дээр, олон улсын хууль эрх зүйн хүрээнд ажиллаж, бүс нутгийн тогтвортой байдал, аюулгүй байдлыг бэхжүүлэхийг эрмэлзэж, хөрш орнуудтай ажил хэрэгч хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ” хэмээн лхагва гарагт мэдэгдсэн ч өчигдрөөс Ираны зарим мөргөлийн сүмүүд дээр “өшөө авалтын улаан туг”-ыг мандуулсан нь Ойрх Дорнодод мөргөлдөөн гарах эрсдэл байгааг харуулж байна.
Ираны зүгээс Саудын Арабд аюул, заналхийлэл учруулж буйд АНУ түгшиж, шаардлагатай бол хариу арга хэмжээ авахад бэлэн байгаа бөгөөд хаант улстай цэрэг, тагнуулын сувгаар байнга холбоотой байна хэмээн АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч мэдэгдэж байна.