Оросын Украин дахь цэргийн тусгай ажиллагаа 11 дэх өдрөө үргэлжилж, Украины цэргийн дэд бүтцийн 2000 гаруй объектод цохилт өгч, Украиныг хойд, урд, зүүн талаас нь давших ажиллагаа явуулж, Херсон, Мелитополь хотыг эзлэн, Чернобыль болон Запорожецын атомын цахилгаан станцыг хяналтдаа авч нийслэл Киевийг бүслээд байна.
Орос Украины хоёр дахь удаагийн хэлэлцээрээр тохирсон хүмүүнлэгийн зурвасаар энгийн иргэдийг гаргах ажиллагааг Мариуполь, Донбасст явуулж байна. Хүмүүнлэгийн коридор, нүүлгэн шилжүүлэх хугацаанд тухайн бүсэд түр гал зогсоож, хамгийн ширүүн тулалдааны газруудад эм, хоол хүнс хүргэх боломж олгож байна.
Хүмүүнлэгийн асуудлаар ОХУ-ын БХЯ, НҮБ хамтран ажиллаж байна.
ОХУ-ны Ерөнхийлөгч В.Путин цэргийн ажиллагааг төлөвлөсөн ёсоор явуулж байгаагаа мэдэгдээд, Украинд явуулж буй цэргийн ажиллагааны үеэр баатарлагаар амь үрэгдсэн офицер Нурмагомед Гаджимагомедов, Донескын салан тусгаарлагчдын батальоны захирагч хурандаа Владимир Жога нарыг Оросын баатар цолоор нэхэн шагналаа.
Украины Ерөнхийлөгч В.Зеленский Украинд нислэггүй бүсийн статусыг тогтоохыг барууны орнуудаас хүссэнтэй холбогдуулан Оросын Ерөнхийлөгч В.Путин “Хэрвээ Украиныг нислэггүй бүс болговол таамаглашгүй сөрөг үр дагаварт хүргэнэ” гэдгээ мэдэгдлээ.
Орос Украины хооронд зуучлах зорилгоор Израилийн Ерөнхий сайд Нафтали Беннет гуравдугаар сарын 5-нд Москвад ирж Ерөнхийлөгч В.Путинтэй гурван цаг ярилцсаны дараа Ерөнхийлөгч В.Зеленский, Ерөнхийлөгч М.Макронтой утсаар холбогдож, Германы канцлер Олаф Шольцтой уулзалт хийлээ.
Орост дайныг эсэргүүцсэн жагсаал цуглаан өрнөж байгаатай холбогдуулан 1000 гаруй хүний баривчлан, дайныг эсэргүүцсэн этгээдийг 3-5 жил хорих ялаар шийтгэх хуулийн заалтыг баталлаа.
Шинээр тусгаар тогтносон Луганск, Донеск улсын тэргүүн Денис Пушилин, Леонид Пасечник нар Киевийн мэдэлд байсан Бүгд найрамдах улсуудын нутаг дэвсгэрт шинэ засаг захиргаа байгуулах тухай зарлигт гарын үсэг зурлаа. Үүнтэй холбогдуулан Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба, Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын асуудлаар хэлэлцээ хийхдээ буулт хийхгүй гэж мэдэгдэж байна. Харин Оросын талын хэлэлцээрт тавьж буй шаардлага болж Украиныг зэвсгээ хаян бууж өгөх явдал гэж үзэж байна.
Хямралын улмаас Украины 2 сая гаруй хүн орон гэрээ орхисон бөгөөд тэдгээрийн нэг сая нь дотооддоо, нэг сая гурван зуу мянган хүн гадаадад дүрвэсний дийлэнх нь Польшид орогнож байна. Үүнтэй холбогдуулан Польшийн Засгийн газраас Украинчуудыг орогнуулж байгаа польш айлуудад хүн тус бүрээр тооцож хоногийн 10 ам.доллар олгох шийдвэр гаргалаа. Цаашид Украины хүн амынх нь 20 гаруй хувь буюу найман сая хүн дүрвэх төлөвтэй байна.
Украины үйл явдалтай холбогдуулан ОХУ-аас эрчим хүчний нөөц импортлохыг хориглох тухай хуулийн төсөл, Украинд цэргийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд зориулж 10 тэрбум ам.доллар хуваарилах санал АНУ-ын Конгресст өргөн баригдлаа. Мөн Америкийн Засгийн газраас НАТО-гийн орнуудаас Украинд цэргийн нисэх онгоц нийлүүлэх бол саад тотгор болохгүй гэдгээ мэдэгдлээ.