Оросын цэргүүд Донецк мужийг бүхэлд нь эзлэн авах зорилгоор Бахмутын чиглэлд, Украины цэргүүд эзлэгдсэн газар нутгаа чөлөөлөх зорилгоор Херсоны чиглэлд давших, сөрөг давшилтад орох оролдлого хийж байгаа боловч төдийлөн амжилтад хүрэлгүй хоёр тал бүхэлдээ байрлалын хориглолтод шилжээд байна. Харин Беларусийн арми өчигдрөөс эхлэн зарим нэг сургалт-байлдааны ажиллагаанд шилжээд байгаа нь анхаарал зүй ёсоор татаж байна.
Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенко өчигдөр буюу 12 дугаар сарын 13-нд армийнхаа бэлэн байдлыг яаралтай шалгаж, тус улсын зарим цэргийн ангиуд Неман, Березина голуудыг гатлах дадлага хийж, Украины хилээс холгүй зайд орших Брестийн Маларита, Обуз-Лесновскийн сургалтын баазын ойролцоо дэлгэн байрлагдсан бол Оросын 3 нэгж МиГ-31К сөнөөгч онгоц Белорусын Мачулищи нисэх онгоцны буудалд газардаад байна.
Өчигдрийн байдлаар, Оросын арми Харьков-Луганскийн чиглэлд Сватове, Креминнагийн ойролцоо хязгаарлагдмал сөрөг довтолгоог явуулж, Бахмутын давшилтад бага зэрэг ахиц дэвшил гаргаж, Авдеевка, Вухледарийн ойролцоо хуурай замын довтолгоогоо үргэлжлүүлж байна.
Өмнөд чиглэлд оросууд Херсон муж дахь ар талын бэхлэлтээ үргэлжлүүлж, улмаар Днепр мөрний өмнөд хэсгээс тэдгээр заагт цэргүүдээ ухраан байрлуулж магадгүй байна.
Украины цэргүүд Мелитополь хотын ойролцоох Оросын цэргийн байрлалд цохилт өгч, Запорожье мужийн Мелитополь хотын гүүрийг дэлбэлж, Мелитополь дахь Оросын 58 дугаар армийн командлалын байр, 3 их бууны төхөөрөмж, 10 гаруй техникийг устгаж, 150 цэргийг шархдуулсан байна.
Өмнөд чиглэлд Оросын цэргүүд Днепропетровск, Николаев мужид өгөх цохилтоо үргэлжлүүлж байна.
Луганскийн чиглэлд Оросын Вагнер группийн дайчид Бахмут хотод давшилтаа үргэлжлүүлж, хотын зүүн хэсэгт Украины армийн хориглолтын шугамыг гэтэлж, “Бахмут шампанск дарсны үйлдвэр” болон “Синиат” аж ахуйн нэгжийг хяналтдаа аваад байна.
Донецкийн Авдеевка чиглэлд армийн нэгдүгээр корпусын 11-р хороо, “Сомали” батальоны цэргүүд Маринкагаас Краснохоривка хүрэх замыг хяналтдаа авсан бол Украины цэргүүд Маринка хотын төв хэсэгт байрлах Дружба өргөн чөлөөний зүүн талын байрлалыг эргүүлэн авч, Донецк хотоос баруун өмнө зүгт Вухледар орчимд хязгаарлагдмал сөрөг довтолгоо хийж байна.
Оросын армийн ойрын зорилго нь Донецк мужийг бүхэлд нь эзлэн авах, Украины цохилтоос фронтын байрлал, ар талын бүс нутгаа хамгаалах, Өмнөд хэсэгт хориглолтоо бэхжүүлэх явдал бол Украины стратегийн зорилго нь эзлэгдсэн газар нутгаа эргүүлэх авах, чөлөөлөх явдал юм.
Цаашид АНУ Украинд агаарын довтолгооноос хамгаалах Патриот систем, тийрэлтэт артиллерийн Хаймарс системүүдээ нийлүүлэх нь дайны явцад нөлөөлж болзошгүй байна.