ОХУ-ын Ерөнхийлөгч Ерөнхийлөгч В.Путин Батлан ​​хамгаалахын сайд С.Шойгуд Зул сарын буюу Үнэн алдартны шашны хуанлигаар Христосын Мэндэлсний баяраар энэ сарын 6-ны 12:00 цагаас 7-ны өдрийн 24:00 цаг хүртэл 36 цагийн хугацаанд фронтын бүх шугамын дагуу гал зогсоох зарлигийг гаргалаа. Уг зарлигт: “Үнэн алдартны шашинтай олон тооны иргэд байлдааны ажиллагаа явуулж буй бүс нутагт амьдарч байгааг үндэслэн тэдэнд Христосын Мэндэлсний баяраар мөргөл үйлдэх боломжийг олгохын тулд гал зогсоох шийдвэрийг гаргаж байна. Мөн адил гал зогсоохыг Украины талд уриалж байна” хэмээн дурджээ. Улмаар энэхүү шийдвэрийг гаргахдаа Оросын Үнэн алдартны сүмийн тэргүүн тахилч Кириллийн хүсэлтийг үндэслэл болгожээ.

Харин Украины эрх баригчид гал зогсоох Оросын талын уриалгыг “суртал ухуулгын шинжтэй худал хуурмаг зүйл” хэмээн үгүйсгэж байна. Тухайлбал, Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх М.Подоляк мэдэгдэхдээ: “Оросын Үнэн алдартны сүмд дэлхийн Үнэн алдартны шашныг нэгтгэх эрх байхгүй. Тэд зөвхөн дайныг сурталчлагчийн үүрэг гүйцэтгэдэг. Тэд Донбасст украинчуудыг хоморголон устгахыг уриалж, үй олноор хядлага үйлдэхийг дэмжиж, Оросыг улам их цэрэгжүүлэхийг шаарддаг. Зул сарын баярын эвлэрлийн тухай Оросын мэдэгдэл нь зөвхөн эелдэг урхи, суртал ухуулгын элемент юм” хэмээн твиттер хуудасдаа бичсэн бол Ерөнхийлөгч В.Зеленский “Хоёр нүүр гаргахаа зөвхөн өөртөө үлдээ…” хэмээн В.Путинд хариулжээ.  

Барууны эрх баригчид Оросын гал зогсоох саналыг “хоёр нүүр гаргасан цаг хожсон явдал” хэмээн үгүйсгэж, АНУ Украинд ойрын үед 50 нэгж явган цэргийн байлдааны машин, Герман Патриот пуужингийн цогцолбор, Франц танк нийлүүлэхээ мэдэгдэж байна.

Similar Posts