ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Валдай клуб”-ийн ээлжит чуулганд өчигдөр буюу 10 дугаар сарын 27-нд оролцож, гурван цаг орчим үг хэлж, асуултад хариуллаа. В.Путины хэлсэн үг сүүлийн 22 жилийн шилдгүүдийн нэг болсон бөгөөд үүнийг барууны орнууд сонсож, дүн шинжилгээ хийх нь гарцаагүй хэмээн Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Д.Песков мэдэгдэж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Валдай клуб байгуулагдсан цагаас хойш түүний хурал, хэлэлцүүлэгт жил бүр тогтмол оролцдог уламжлалтай бөгөөд энэ удаагийн XIX чуулганы нэгдсэн хуралдаанд түүний хэлсэн үг нь голлон барууны ертөнцийг шүүмжилсэн агуулгатай байна. Ерөнхийлөгч В.Путин хэлсэн үгэндээ, барууны орнуудын дэлхийд ноёрхох, соёл иргэншлээ бусдад тулгах, хүн төрөлхтний бүхий л нөөц баялагт хяналт тогтоох гэсэн санаархлыг буруушааж, нэг туйлт ертөнц төгсгөл болж байгааг анхаарууллаа. Мөн өнөөгийн Украины асуудлын “гол шалтгаан”-аар барууныг нэрлэж, тэд дэлхийн эдийн засаг, эрчим хүч, хүнсний хангамжийн зах зээлийг тогтворгүй байдалд хүргэж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны асуудлыг шийдэхээ мартсан гэлээ.
Улмаар барууны орнуудыг Тайванийг тойрсон өдөөн хатгалга, Европыг хамарсан хийн хоолойн асуудалд буруушааж байна. Хүйтэн дайны ид оргил үед ч өрсөлдөгчийнхөө ашиг сонирхол, түүх соёл иргэншлийг үгүйсгэж байгаагүйг дурдаад, ЗХУ задран унаснаар дэлхийн тэнцвэрт байдал сүйрсэн ч дахин олон туйлт ертөнц бий болж, хамтдаа нийтлэг ашиг сонирхлын талаар эрх тэгш яриа өрнүүлэх нь Орос болон хүн төрөлхтний ирээдүйн сайн сайхны төлөө юм гэдгийг онцоллоо. Барууны соёл иргэншил Евразийн нийтлэг орон зайд цорын ганц биш учраас бүх соёл иргэншил, уламжлалт үнэт зүйлс хамтдаа зэрэгцэн оршиж, евразийн хамтын ажиллагааны шинэ арга зам, хэлбэрийг бий болгох, эдийн засаг, худалдааг илүү шударга, нээлттэй болгох шаардлагатай гэж үзэв. Дэлхийн маргаашийн ертөнц Ази, Африк, Латин Америкаас төсөөлж байгаагүйгээр илүү их хамаарах учраас барууныхан хүн төрөлхтнийг дангаараа удирдаж чадахгүй, харин үүнийг хийх гэж улайран зүтгэвээс дэлхийн ихэнх ард түмэн үүнийг тэвчихийг хүсэхгүй байгаа нь энэ үеийн гол зөрчил юм хэмээн мэдэгдлээ.
Валдай олон улсын хэлэлцүүлгийн клуб нь 2004 онд байгуулагдсан бөгөөд анхны бага хурал нь ОХУ”ын Новгород хотын Валдай нуурын ойролцоо зохиогдсон тул ийнхүү нэрлэжээ. Валдай клуб нь дэлхийн 85 орны 1000 гаруй эрдэмтэн, судлаачдыг хамруулсан олон улсын дүн шинжилгээ, үнэлгээний “тинк-танк” нийгэмлэг бөгөөд түүний оюуны чадавхыг Орос болон гадаадад өндрөөр үнэлдэг.
Тус клубын үйл ажиллагаанд Орос болон бусад орны нэр хүндтэй улс төрч, шинжээчид, нийгэм, соёлын зүтгэлтнүүд оролцохоос гадна дэлхийн нэрт “тинк-танк” төвүүд болон Харвард, Колумби, Жоржтаун, Стэнфорд, Карлтон, Каир, Тегеран, Зүүн Хятад, Токио, Тель-Авив, Мессина, Францын Сорбонна, Жонс Хопкинсийн их сургуулиуд, Лондонгийн Эдийн засгийн сургууль ба Кингс коллежийн профессорууд оролцдог.
Клубын зорилго нь дэлхийн тогтолцооны хямралыг даван туулах шийдлийг олохын тулд дэлхийн оюуны элитийг нэгтгэх, шинжээчид, улс төрчид, олон нийтийн зүтгэлтнүүд, сэтгүүлчдийн хооронд нээлттэй яриа хэлэлцээг дэмжих, дэлхийн өнөөгийн тулгамдсан асуудлыг хэлэлцэх, XXI зууны дэлхийн дэг журам дахь гол чиг хандлага, үйл явцыг урьдчилан таамаглах явдал юм.