Их Британийн Батлан хамгаалахын дэд сайд Аннабел Голди Украинд үзүүлэх зэвсэг, техникийн талаар “Украинд “Челленжер-2” танкийн эскадрилийг шавхагдсан уран агуулсан хуяг нэвтлэх сумны хамт нийлүүлнэ” хэмээн энэ сарын 21-ний өдөр мэдэгдсэн нь олон улсын цэрэг-улс төрийн байдлыг хурцатгасан бас нэгэн үйл явдал боллоо.
Москвад гурван өдрийн төрийн айлчлал хийж буй БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй энэ сарын 21-ний өдөр хийсэн албан ёсны хэлэлцээрийн дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Кремльд хийсэн мэдэгдэлдээ “…Их Британи Украинд танк нийлүүлэхдээ шавхагдсан уран агуулсан хуяг нэвтлэх сумны хамт өгөхөөр зэхэж буйг буруушааж, Москва үүнд зохих хариу барина” хэмээн анхааруулсан байна[1]. Тус улсын Батлан хамгаалахын сайд С.Шойгу “…ОХУ-д үүнд барих хариу бий гээд, Орос, Барууны хооронд цөмийн мөргөлдөөнд хүргэх орон зай дахин нэг алхмаар ойртлоо, цөөн алхам үлдсэн[2]” хэмээн мэдэгдлээ. Үүний хариуд Лондоны зүгээс “цөмийн зэвсэгтэй ямар ч холбоогүй, олон арван жилийн турш ашиглаж ирсэн стандарт галт хэрэгсэл гэдгийг Оросууд мэдэж байгаа ч цөмийн бүрэлдэхүүнтэй зэвсэг хэмээн худал мэдээлэл тарааж байна” гэсэн байр суурийг илэрхийлэв.
Дашрамд дурдахад ураны бүх изотопууд цацраг идэвхт бодис агуулдаг бөгөөд “шавхагдсан уран” буюу “depleted uranium” DU нь байгалийн изотопын хольцтой харьцуулахад цацраг идэвхт бодисыг маш бага хэмжээгээр агуулдаг байна[3]. Хэт өндөр нягтралтай хатуулаг шинж чанарыг нь ашиглаж хуяг нэвтлэх галт хэрэгслийн зүрхэвч болгон хэрэглэх болжээ.
Ийм төрлийн галт хэрэгслээр хуягийг цөм цохих үед үүссэн өндөр температур нь танкны шатахуун болон галт хэрэгслийг дэлбэлдэг. Шавхагдсан уран агуулсан галт хэрэгслийг 1970-аад оны сүүлчээс АНУ-ын “Абрамс”, Их Британийн “Челленжер”, ОХУ-ын зарим танкнуудын зэвсэглэлд танк эсэргүүцэх галт хэрэгсэл болгон ашиглаж ирсэн бөгөөд Ирак, Югославын дайнд хэрэглэсэн гэсэн мэдээлэл байдаг. Ийм төрлийн галт хэрэгслийн хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх хор, нөлөөллийг бүрэн тогтоогоогүй боловч хориглосон олон улсын гэрээ, хэлэлцээр одоогоор байдаггүй ажээ.
[1] https://www.reuters.com/world/europe/russia-blasts-uk-move-send-ammo-with-depleted-uranium-ukraine-2023-03-21/
[2] https://ria.ru/20230321/uran-1859589270.html
[3] https://commercialmarineexpo.com/why-is-depleted-uranium-used-in-ammunition/#:~:text=SILVER%20BULLET%20made%20from%20depleted%20uranium%20can%20pierce,used%20as%20armor%2C%20it%20protects%20troops%20against%20attack.