ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдрийн Хятадад хийх айлчлал, “Бүс ба зам” чуулга уулзалтынхаа өмнөхөн Хятадын хэвлэл мэдээллийн корпорацад дэлгэрэнгүй ярилцлага өглөө.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ярилцлагадаа “Орос-Хятадын харилцаа, түүний дотор удирдагч хоорондын харилцаа, “Нэг бүс, нэг зам” санаачилгын ач холбогдол, Орос-Украины дайн, барууны орнууд, БРИКС, олон туйлт ертөнц” зэрэг асуудлаар дараах байр сууриа илэрхийллээ. Үүнд:
• Орос-Хятадын харилцаа нь дэлхийн тогтвортой байдлын үндсэн хүчин зүйл бөгөөд сайн сайхан сэтгэл, харилцан буулт хийх чадвар дээр суурилдаг;
• Хятад улс худалдааны эргэлтээрээ Оросын нэгдүгээр түнш боллоо. Оны эцэс гэхэд хоёр орны худалдааны эргэлт 200 тэрбум ам.долларт хүрэх боломжтой;
• Москва, Бээжин хоёр 40 жил шийдээгүй байсан хилийн заагийг тогтоох асуудлыг хоёр улс хоорондын харилцааны сайн санааны үндсэн дээр, харилцан буулт хийх замаар шийдлээ;
• Ши Жиньпин даргатай 40 гаруй удаа уулзсан бөгөөд “Бүс ба зам” чуулга уулзалтын үеэр түүнтэй өргөн хүрээний хэлэлцээ хийнэ. Ши Жиньпин дарга бол дэлхийн хүлээн зөвшөөрөгдсөн удирдагчдын нэг юм;
• Хятадын “Нэг бүс, нэг зам” нь Эдийн засгийн коридор байгуулах, Евразийн эдийн засгийн холбоо/ ЕАЭЗХ/-г хөгжүүлэх, Их Евразийг байгуулах тухай бидний дэвшүүлж санал, бодолтой бүрэн нийцэж байна.Евразийн эдийн засгийн холбоо хамтарсан ажлын үр дүнд 24 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт авчээ. Бид саяхан Хятадтай Амар мөрөн дээгүүр хоёр гүүр барьсан. Сибирийн эрчим хүчний хийн хоолойн Алс Дорнодын чиглэлийн хэлэлцээрт аль хэдийн гарын үсэг зурсан, өөр нэг чиглэл болох “Сибирийн хүч – 2”-ыг Монголоор дайруулж байна;
• Украины асуудлаарх Хятадын дэвшүүлсэн энхийн төлөвлөгөө бол бодитой. Үүнийг энхийн хэлэлцээрийн үндэс болгон ашиглаж болно. Украины мөргөлдөөн нь Киев НАТО-д оролцож, Минскийн хоёр дахь гэрээг хэрэгжүүлээгүйгээс үүдэлтэй. Украины мөргөлдөөнийг энхийн замаар зогсоохыг Оросын Холбооны Улс хэзээ ч эсэргүүцэж байгаагүй;
• Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийхийг хориглосон хуулиа хүчингүй болгох ёстой. Сөрөг довтолгоо эхэлснээс хойш Украины арми асар их хохирол амссан. Украин зургаадугаар сарын 4-нөөс сөрөг довтолгоо гэгдэх идэвхтэй цэргийн ажиллагааг эхлүүлсэн ч үр дүн гараагүй. Украины армийн хохирол “ойролцоогоор найм нэгийн харьцаатай” байгаа;
• Украины блок бус статус нь ОХУ-ын хувьд туйлын чухал юм. Энэ нь Украин, Оросын хоорондох мөргөлдөөнийг зогсооход тусална. Зарим улс орны аюулгүй байдлыг бусдын аюулгүй байдлыг алдагдуулах замаар байгуулж болохгүй;
• Барууны “дүрэмд суурилсан дэг журам” гэдэг бол утгагүй зүйл, учир нь хэн ч эдгээр дүрмийг хэзээ ч харж, тохиролцож байгаагүй. Энэ бол колончлолын хандлага юм. Учир нь колоничлолын орнууд өөрсдийгөө нэгдүгээр зэрэглэлийн иргэд гэж үргэлж итгэдэг. Тэд колоничлолдоо гэгээрлийг авчирдаг, хоёр дахь зэрэглэлийн хүмүүс гэж тооцогддог бусад ард түмэнд соёл иргэншлийн үр шимийг авчирдаг соёлт хүмүүс гэж дандаа ярьдаг. Гэвч эдгээр нь колоничлолын сэтгэлгээний үндэс болохоос өөр юу ч биш.