АНУ-ын Канзасын Төвбанкнаас жил бүр уламжлал болгосон Эдийн засгийн бодлогын ээлжит зөвлөгөөнийг Вайоминг мужийн нутаг “Jackson Hole” нэртэй амралтын газарт наймдугаар сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Төвбанкны ажилтнууд, мөнгөний бодлогын асуудлаарх эрдэмтэн, судлаачдыг хамруулдаг зөвлөгөөнийг энэ удаад “Эдийн засаг болон бодлогын нөхцөл байдал, саад бэрхшээлийг дахин үнэлж үзэх нь“ (Reassessing Constraints on the Economy and Policy) гэсэн сэдвийн дор явууллаа.
Зөвлөгөөний явцад дараах үндсэн сэдвээр эрдэмтэн, судлаачид илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлжээ. Үүнд:
- Эдийн засгийн нөхцөл байдлыг дахин үнэлэх нь: Ажил эрхлэлтийн хамгийн дээд түвшин;
- Эдийн засгийн нөхцөл байдлыг дахин үнэлэх нь: Нийт үйлдвэрлэлийн боломжит дээд хэмжээ;
- Цар тахалын дараах хандлага дууссан уу, түр завсарласан уу;
- Бодлогын нөхцөл байдлыг дахин үнэлэх нь: Төсвийн бодлогын хязгаарлалт;
- Бодлогын нөхцөл байдлыг дахин үнэлэх нь: Төвбанкны санхүүгийн үзүүлэлт;
- Цар тахалын дараах бодлогын төлөв хандлага сэдэв багтжээ.
Зөвлөгөөний эхний өдөр АНУ-ын Холбооны Нөөцийн банк (ХНБ)-ны Ерөнхийлөгч Жером Пауэл ХНБ-наас баримталж буй өнөөгийн бодлого, цаашдын зорилтын талаар товч үг хэлжээ. Тэрээр “Ойрын хугацаанд ХНБ-ны баримтлах гол бодлого бол инфляцыг бууруулж 2 хувийн зорилтот түвшинд хүргэх явдал юм. Үүний тулд Төвбанкнаас мөнгөний хатуу бодлогыг баримталсан хэвээр байх болно” гэжээ. Мөн Европын Төвбанкны Удирдах Хорооны гишүүн, хатагтай Изабел Шнабел “АНУ-ын ХНБ-ны баримталж буй бодлогыг дэмжиж, Европын Төв банкны зүгээс ч гэсэн мөнгөний хатуу бодлогыг баримталж, инфляцыг бууруулахад голлон анхаарч ажиллах болно” гэж мэдэгджээ. ХНБ-ны тэргүүн Ж.Пауэлийн хэлсэн үгтэй холбогдуулан АНУ-ын нэр хүнд бүхий эрдэмтэн судлаачид “ХНБ-ны баримталж буй бодлого зөв бөгөөд өнөөгийн тулгарч буй асуудалтай нийцсэн зөв байр суурь мөн” гэж дэмжиж байгаагаа байр сууриа илэрхийлжээ. Тухайлбал, АНУ-ын Сангийн сайд асан Ларри Саммерс, Allianz группын зөвлөх, Кембрижийн Их сургуулийн Queen’s college-ийн Ерөнхийлөгч Мухамед Эл-Эрайн, ОУВС-ийн Дэд тэргүүн Гита Гопинат нар Блүүмберг телевизийн ярилцлагад оролцжээ.
Зөвлөгөөний явцад ОУВС-ийн дэд тэргүүн Гита Гопинатын тавьсан илтгэлээс үзвэл “Дэлхий нийтээр сүүлийн жилүүдэд тохиож ирсэн ковидын цар тахал, Украинд өрнөж байгаа дайны улмаас дэлхийн эдийн засгийн бүтцэд томоохон өөрчлөлт гарч, макро эдийн засгийн загварын нэг чухал өгөгдөл болох нийт эдийн засгийн нийлүүлэлтийн (aggregate supply) үзүүлэлт нь урьд өмнөхөөс эрс өөрчлөгдөж байна. Үүнтэй холбоотойгоор өнөөгийн үүссэн нөхцөлд нийцэхүйц нийт нийлүүлэлтийн загварыг (aggregate supply model) дахин шинээр тооцоолон загварчлах шаардлага үүсч байна” гэжээ.
Улмаар Чикагогийн Төвбанкны судлаач Леонард Мелоси, Жон Хопкинсийн Их Сургуулийн судлаач Ф.Бианчи нар тавьсан илтгэлдээ “Төсвийн бодлогоор дамжуулан инфляцыг бууруулахад нөлөөлөх нь зүйтэй, төсвийн бодлого зохистой бус байгаа нөхцөлд зөвхөн мөнгөний бодлогоор инфляцын өндөр өсөлтийг буруулах боломжгүй” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Bloomberg news: www.bloomberg.com