ОХУ-ын БХЯ-ны удирдах зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан өчигдөр буюу 12 дугаар сарын 21-нд Москва хотноо боллоо. Тус хуралын үеэр Батлан хамгаалахын сайд С.Шойгу үндсэн илтгэл тавьж, В.Путин, С.Шойгу нар армийн бие бүрэлдэхүүн, анги нэгтгэл, цэргийн тойргийн тоог нэмэгдүүлэх, цөмийн гурвалыг бэхжүүлэх зэрэг цэрэг армийн томоохон өөрчлөлт шинэчлэлийн зорилтуудыг агуулсан дараах мэдэгдэл хийлээ.
Финлянд, Швед улсууд НАТО-д элсэх магадлалтай байгаатай холбогдуулан Москва, Ленинградын цэргийн тойргийг дахин шинээр бий болгож, Оросын баруун хойд бүс нутгуудад цэргийн шинэ бүлэглэл байгуулах, нийтдээ хорь гаруй шинэ дивиз дэлгэн байрлуулахаар боллоо.
Оросын Агаар сансрын хүчинд дахин гурван агаарын дивиз, нэг сөнөөгч, найман бөмбөгдөгч онгоцны хороо, армийн нисэхийн зургаан бригад байгуулах бөгөөд хуурай замын болон танкийн арми тус бүрд холимог нисэхийн дивиз, 80-100 байлдааны нисдэг тэрэг бүхий армийн нисэхийн бригад тус тус байхаар төлөвлөж байна.
Оросын армийн бие бүрэлдэхүүний одоогийн тоог 30 хувиар нэмэгдүүлж, 1 сая 500 мянгад хүргэх бөгөөд үүний бараг тал хувь нь гэрээт цэргүүд байхаар төлөвлөж байна. Батлан хамгаалахын сайд С.Шойгугийн илтгэлд дурдсанаар одоогийн 380 мянган гэрээт цэргийн тоог 695 мянгад хүргэнэ хэмээн мэдэгдэж байна.
“Сармат, Циркон, Ярс, Авангард, Кинжал пуужингаар зэвсэглэсэн цөмийн гурвал нь Оросын бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, стратегийн тэгш байдал, дэлхийн хүчний нийт тэнцвэрийг хадгалах гол баталгаа юм. Оросын армийн санхүүжилтэд ямар ч хязгаарлалт байхгүй, Орос улс цэрэг армидаа хүссэн бүхнийг нь өгнө. Гэхдээ улс орны эдийн засгийг цэрэгжүүлэхгүй” хэмээн В.Путин мэдэгдэж байна.
ОХУ Стратегийн цөмийн Сармат пуужин, түүний 22 хөөргөгчийг шинээр зэвсэглэлд оруулж байгаа бөгөөд шинэ оны эхээр хамгийн сүүлийн үеийн Циркон хэт авианы пуужингийн систем бүхий байлдааны хөлөг онгоцыг зэвсэглэлд оруулахаар төлөвлөж байна.
“300 мянган иргэнийг хэсэгчилсэн дайчилгаанд хамруулсны 20 мянга нь сайн дураараа цэрэгт явсан бөгөөд цэргийн тусгай ажиллагааны үеэр 100 мянга гаруй хүн төрийн одон медаль хүртэж, тэдгээрийн 120 нь Оросын баатар цолоор шагнагдсан. 2023 оны нэн тэргүүний зорилт бол тусгай ажиллагааг үргэлжлүүлж, тавьсан зорилтоо бүрэн дуусгах явдал юм” хэмээн С.Шойгу мэдэгдлээ.