“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 11 дүгээр бага хурлыг зохион байгууллаа
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Стратеги судалгааны хүрээлэн хамтран Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлыг 2026 оны 06 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

2014 оноос хойш жил бүр зохион байгуулж ирсэн Улаанбаатарын яриа хэлэлцээ олон улсын бага хурал нь манай гадаад бодлогын нэгдмэл, залгамж чанарын илэрхийлэл болж энэ онд 11 дэх удаагаа чуулсан юм.
Энэ удаагийн хуралд 40 орчим улс, 10 гаруй олон улсын байгууллага, мөн манай төр, засгийн байгууллагуудын төлөөлөл болон эрдэмтэн, судлаачид зэрэг дотоод, гадаадын нийт 300 гаруй төлөөлөгчид оролцов. Түүний дотор БНСУ-ын Нэгдлийн сайд Чунг Донг Ён, БНХАУ-ын Солонгосын хойгийн асуудал эрхэлсэн тусгай элч Лю Шяомин, БНПУ-ын Гадаад хэргийн дэд сайд Владислав Бартошевски, Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын захирал Маркус Лейтнер зэрэг албаны өндөр түвшний төлөөлөгчид оролцож буйгаараа онцлог байлаа.
Бага хурлын хүрээнд үндсэн таван сэдвийн хуралдаанд бүс нутгийн шинжээчид, бодлого боловсруулагчид, судлаачдын зүгээс ЗХА-ийн аюулгүй байдлын тулгамдсан сорилт, боломжууд, урьдчилан сэргийлэх дипломат ажиллагаа, зуучлалын практик, тогтвортой арга замын асуудлаар илтгэлүүд хэлэлцүүлэв. Түүнчлэн шинэ технологиуд улс орон, нийгмийн хөгжилд хэрхэн нөлөөлж буйг судлан шинжилж хиймэл оюуны асуудалд төвлөрч, улс орнууд сөрөн тэсвэрлэх чадавхаа бэхжүүлэхэд хиймэл оюуныг хариуцлагатайгаар ашиглахын зэрэгцээ засаглал, ил тод байдал, хамтын ажиллагаагаар дамжуулан аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах боломжийн талаар санал солилцлоо.
Манай улсын гадаад бодлого Төв Азийн бүс нутагт чиглэн идэвхтэй хэрэгжиж буйтай холбогдуулан Төв Ази, Зүүн Хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх боломж, сорилтууд болон НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран ногоон эрчим хүчний коридорыг хөгжүүлэх боломж, сорилтуудын талаар судлаач, оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүллээ.

