Украины батлан хамгаалах асуудлаарх холбоо барих бүлгийн “Рамштейн формат”-ын есдүгээр уулзалт өчигдөр буюу хоёрдугаар сарын 14-нд Брюссель дэх НАТО-гийн төв байранд боллоо.  

Уулзалтад Украинд зэвсэг нийлүүлэх 54 улс оролцож, танк нийлүүлэх, зэвсгийн нөөц бүрдүүлэх, сургалт явуулах, ар талын тогтвортой дэмжлэг үзүүлэх гэсэн дөрвөн үндсэн асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Эх сурвалж:  https://www.ekhokavkaza.com/a/32271286.html

Уулзалтаар Украиныг дэмжигч 11 улс Украинд  танкийн 8 бригад шинээр байгуулах хэмжээний танк нийлүүлэхээ амлав. Тухайлбал, Нидерланд, Герман, Дани хамтран 100 нэгж Leopard-1, АНУ, Чех, Нидерланд хамтран 90 нэгж Т-72 танк Украинд нийлүүлнэ. Мөн 22 улс явган цэргийн байлдааны машин, 9 улс агаарын довтолгооноос хамгаалах систем, 16 улс их буу, сум галт хэрэгсэл нийлүүлнэ. Франц, Австрали хамтран 155 мм-ийн сумны үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, Итали, Герман хамтран IRIS-T агаарын довтолгооноос хамгаалах хоёр систем нийлүүлэх,  Франц, Итали хамтран  SAMP/T загварын зенитийн пуужингийн шинэ системийг Украинд шилжүүлэх, тус системийн 700 ширхэг Aster-30 пуужинг худалдан авахад шаардлагатай 2 тэрбум еврог Франц, Итали улс хамтран гаргах, Норвеги улс Украиныг дэмжих хөтөлбөрт зориулж 7 тэрбум ам.долларыг хандивлах үүрэг амлалтыг тус тус хүлээлээ.

Уулзалтын үеэр НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Й.Столтенберг “Украины дайн холбоотнуудын зэвсгийн үйлдвэрлэлээс хэд дахин их хэмжээний сум, галт зэвсэг хэрэглэж, бидний нөөцийг шавхаж байна. Украинд байлдааны онгоц нийлүүлэх асуудал одоогоор тулгамдсан асуудал биш, гэхдээ энэ бол үргэлжилж буй яриа хэлэлцүүлэг. Орос байлдааны талбарт санаачилгыг гартаа авахаас өмнө Украиныг  зэвсэглэл, сум, түлш, сэлбэг хэрэгслээр хангах нь чухал асуудал болоод байна” хэмээн мэдэгдэж байна.

Similar Posts