Гүржийн эрх баригч намын өргөн барьсан “Гадаадын агентуудын тухай” хуулийн төслийг тус улсын парламент хэлэлцэж байгаатай холбогдуулан эсэргүүцлийн жагсаал сар шахам үргэлжилж байна.
Хуулийн төсөлд, гадаадын агентуудын бүртгэлийг бий болгох; 20-иос дээш хувийг гадаадаас санхүүжүүлдэг хуулийн этгээдийг бүртгэлд заавал хамруулах; бүртгүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд торгууль төлөх зэрэг зүйл заалт орсон нь олон нийтийн эсэргүүцлийг төрүүлж байна.
Гүржийн парламент “Гадаадын агентуудын тухай” хуулийн төслийг хоёрдох удаагийн хэлэлцүүлгээр олонхын саналаар батлаад байгаад ч эсэргүүцлийн жагсаал олон хоног тасралтгүй үргэлжилж, түүнд голдуу 18-22 насны оюутан залуучууд өндөр идэвх, зохион байгуулалтайгаар оролцож байна. Тэд эсэргүүцлээ тодорхой төлөвлөгөөний дагуу илэрхийлж, нийгмийн сүлжээнд олон мянган дэмжигчдийг өөртөө татаж байна.
Жагсагч залуус тодорхой лидер удирдагчгүй, бүх нийтийн жигд оролцоотойгоор эсэргүүцлээ илэрхийлж, жагсаал цуглаан хийсэн талбайнхаа хог новшийг шүүрдэж, цэвэрлэж байгаа нь жагсаал хийх шинэлэг арга барилыг харуулж байна.