Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын ес дэх удаагийн бага хурлыг Улаанбаатар хотод энэ сарын 06-07-ны өдөр зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн хуралд 30 гаруй улс, олон улсын арваад байгууллага, гадаад улсаас манай улсад суугаа Элчин сайдын яамд, Монгол Улсын төрийн байгууллагын төлөөлөл болон эрдэмтэн, судлаач зэрэг нийт дотоод, гадаадын 200 гаруй төлөөлөгч оролцох юм.
Энэ удаагийн хуралдааныг үндсэн таван хэсэгт зохион байгуулна. Тухайлбал: Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын сорилт, боломжийн талаар ярилцаж, бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэх арга зам, Зүүн хойд Азийн бүс дэх уур амьсгалын өөрчлөлт, учирч буй сорилт бэрхшээлийн талаар хэлэлцэх юм. Мөн Зүүн хойд Азид эрчим хүчний шилжилтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж, үүнд нэн шаардлагатай ашигт малтмалын нийлүүлэлтийн тогтвортой, уян хатан сүлжээг хөгжүүлэх, үндэсний бодлогыг тодорхойлох асуудлаар зөвлөлдөх болно.
“Улаанбаатарын яриа хэлэлцээ” нь Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын зорилтын хүрээнд Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлуудын талаар хэлэлцэх уламжлалт тавцан болж, бүс нутгийн төдийгүй Ази, Номхон далай, Хойд Америк, Европ тивийн улсуудын төлөөлөгчид оролцдог уламжлал болон тогтоод буй арга хэмжээ юм.