Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын ес дэх удаагийн хурлыг Монгол Улсын Гадаад харилцааны яам, Стратеги судалгааны хүрээлэн хамтран энэ сарын 06-07-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ удаагийн хуралд 30 гаруй улс, олон улсын арваад байгууллага, гадаад улсаас манай улсад суугаа Элчин сайдын яамд, Монгол Улсын төрийн байгууллагын төлөөлөл болон эрдэмтэн, судлаач зэрэг дотоод, гадаадын нийт 200 гаруй төлөөлөгч оролцлоо.
Хуралдааныг нээж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ “Дэлхий ертөнцөд геополитикийн зөрчил хурцдаж, улс орнуудын итгэлцэл буурч байгаа өнөө үед олон талт хамтын ажиллагааг бэхжүүлж, итгэлцлийг нэмэгдүүлэх нэн шаардлагатай байна. Манай бүс нутагт тулгарч буй аюулгүй байдлын ээдрээтэй сорилтуудыг шийдвэрлэхэд яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол чухал болохыг онцлон тэмдэглээд, бага хурлын төлөөлөгчдөд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хүссэн юм.
Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал, доктор Д.Мэндээ тус хурлын зорилго, ач холбогдлыг тодорхойлж хэлэхдээ, “Манай улс “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлыг 2014 оноос жил бүр амжилттай зохион байгуулж ирсэн. Цар тахлын хоёр жилд үйл ажиллагаа нь тасалдсан. Монгол Улс энэхүү олон улсын бага хурлыг зохион байгуулж байгаа нь хамгийн бодит үр дүн. Тус бага хурал нь бүс нутаг дахь улс орнуудын маргаантай нөхцөл байдлыг шийдвэрлэх зорилго агуулаагүй. Үүний оронд маргаантай талууд эл хуралд оролцож, ойлголцлоо нэмэгдүүлж, итгэлцлээ бэхжүүлэх явдал юм” хэмээв.
Энэ удаагийн бага хурлыг үндсэн таван хэсэгтэйгээр зохион байгууллаа. Тухайлбал, эхний хуралдаанаар бүс нутгийн аюулгүй байдлын сорилт, боломжуудын талаар Зүүн хойд Азийн орнууд төдийгүй бусад улсын оролцогч нар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж, удаах хэсэгт бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэх арга замын талаар Канад, Польш, Казахстан, Сингапурын олон талт хамтын ажиллагааны туршлагын талаар хөндөн ярилцлаа. Зүүн хойд Азийн бүс дэх уур амьсгалын өөрчлөлт, учирч буй сорилт бэрхшээлийн талаар гуравдугаар хуралдаанаар хэлэлцэж, цаг уурын өөрчлөлтийн эсрэг хамтын үйл ажиллагааг дэмжсэн яриа хэлэлцээг идэвхжүүлэх ач холбогдолтой боллоо.
Сүүлийн хоёр хуралдааныг НҮБ-ын Ази Номхон далайн Нийгэм, эдийн засгийн комисстой (UNESCAP) хамтран зохион байгууллаа. Зүүн хойд Азийн эрчим хүчний шилжилтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэх дөрөвдүгээр хэсэгт НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн зөвлөлөөс SDG7-ийн болон Зүүн Хойд Азийн Ногоон эрчим хүчний коридорын замын зураг гаргах асуудлаар бүс нутгийн орнуудтай хамтран хийсэн ажлын үр дүнд үндэслэн тогтвортой, нүүрстөрөгч бага ялгаруулах эрчим хүчний системд шилжих, түүний ач холбогдлыг хурдасгаж, ашиглахад хоёр болон олон талын хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлэх, үндэсний бодлогыг тодорхойлох асуудлаар зөвлөлдөв.
Тавдугаар хуралдааныг эрчим хүчний шилжилтэд нэн шаардлагатай ашигт малтмалын нийлүүлэлтийн тогтвортой, уян хатан сүлжээг хэрхэн хөгжүүлэх асуудлаар засгийн газрын болон бүс нутгийн шинжээч, судлаач, холбогдох албаны хүмүүс илтгэл хэлэлцүүллээ. Түүнчлэн хуралдаанд оролцогчид Зүүн хойд Азийн улсууд ашигт малтмалын улам бүр нэмэгдэж буй хэрэгцээг хангах, эрчим хүчний шилжилтийн технологиудын сүлжээг сайжруулах, хамтран ажиллах боломжийн талаар чөлөөтэй ярилцлагыг өрнүүллээ.
Манай улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын үндсэн зарчимд нийцсэн энэхүү хурлыг өнгөрсөн хугацаанд тасралтгүй зохион байгуулснаар бүс нутгийн аюулгүй байдлын асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх, итгэлцлийг бэхжүүлэх яриа хэлэлцээний чухал индэр болж байгаа юм.
“Улаанбаатарын яриа хэлэлцээ” нь Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын зорилтын хүрээнд Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлуудын талаар хэлэлцэх индэр болж, бүс нутгийн төдийгүй Ази, Номхон далай, Хойд Америк, Европ тивийн улс орнуудын төлөөлөгчид оролцдог уламжлал тогтоод буй юм.