ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины тав дах удаагийн тангараг өргөх ёслолын ажиллагаа Москвад энэ сарын 7-ны мягмар гарагт болж, Орос улсыг дахин зургаан жил удирдах бүрэн эрх нь хэрэгжиж эхэллээ. 

Эх сурвалж: https://www.hibiny.ru/murmanskaya-oblast/news/item-klyanus-zashchishchat-vladimir-putin-prines-prisyagu-i-vstupil-v-doljnost-prezidenta-rossii-338150/

ОХУ-ын Төрийн тэргүүний албан ёсоор ажлаа хүлээн авах ёслол  буюу тангараг өргөх ёслол нь  Москвагийн цагаар 12.00 цагт Кремлийн Их ордонд эхлэлээ. Ёслол болохоос 10 минутын өмнө гол танхимд Оросын төрийн далбаа, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн бэлэг  тэмдэг болох тусгай туг, алтан гинжит загалмайн тэмдэг, Үндсэн хуулийг байрлуулсан байв.

В.Путин Кремлийн ажлын өрөөнөөсөө гарч Александровский, Георгиевский танхимийг дамжин Андреевскийн гол танхимд орж ирэхэд түүнийг  Холбооны Зөвлөлийн дарга В.Матвиенко, Төрийн Думын дарга В.Володин, Үндсэн хуулийн цэцийн дарга В.Зоркин нар угтаж тангараг өргөх ёслолын ажиллагааг эхлүүллээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “ОХУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэний эрх, эрх чөлөөг хүндлэн хамгаалах, ОХУ-ын Үндсэн хуулийг дагаж мөрдөх, хамгаалах, улс орныхоо бүрэн бүтэн, аюулгүй, тусгаар тогтносон, бүрэн эрхт байдлыг хамгаалах, ард түмэндээ үнэнчээр зүтгэхээ тангараглаж байна” хэмээн Үндсэн хууль дээр гараа тавьж тангараг өргөлөө.

Ерөнхийлөгч В.Путин тангараг өргөсний дараа уламжлал ёсоор ард түмэндээ хандаж үг хэллээ. Юуны өмнө тэрээр, Оросын ард түмний эрх ашиг, улс орны аюулгүй байдлыг бүхнээс дээгүүр тавьж, хайрлан хамгаалж, ард түмэндээ үйлчлэхээ  амлаж байна. Мөн тэрээр  ард түмнийхээ аж амьдрал, гэр бүл, үндэстэн хоорондын эв найрамдал, тогтвортой байдал,  гадаад бодлогод онцгой ач холбогдол өгч, “төр ард түмэн хамтдаа бүх бэрхшээлийг даван туулж, зорилгоо хэрэгжүүлж,  хамтдаа ялах болно” гэдгээ илэрхийллээ.

Ёслолын ажиллагаанд  ОХУ-ын Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын удирдлага, Үндсэн хуулийн цэцийн шүүгчид, Сонгуулийн төв хорооны гишүүд, Төрийн Дум, Холбооны Зөвлөлийн гишүүд, бүс нутгийн амбан захирагчид,  ОХУ-ын Баатрууд, бизнес эрхлэгчид, шашны болон Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид, олон нийтийн байгууллагын төлөөлөгчид, Москвад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарын 2600 хүн оролцлоо.

Similar Posts