




ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэнгийн 30 жилийн ойд зориулсан “Эрдэм шинжилгээний бага хурал”-ыг 2022 оны дөрөвдүгээр дүгээр сарын 29-ний өдөр зохион байгууллаа. Бага хуралд ҮАБЗ-ийн Ажлын алба, хүрээлэнгийн үе үеийн захирал, эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан эрхмүүд, түнш хүрээлэнгийн удирдлагууд, хүрээлэнгийн судлаачид оролцлоо.

Хурлыг нээж ССХ-ийн захирал, бригадын генерал Б.Даваадорж үг хэлж, Монгол Улсын ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаярын мэндчилгээг ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга, бригадын генерал Д.Ариунболд уншиж танилцууллаа. Улмаар ССХ-тэй хамтран ажиллаж ирсэн гадаадын түнш хүрээлэнгүүдийн цахим мэндчилгээг толилуулсан юм. Тухайлбал, ОХУ-ын ССХ-ийн захирал Михайл Ефимович Фрадков, Хятадын ОҮОУСА-ийн Ерөнхийлөгч Юань Пэн, БНСУ-ын Үндэсний аюулгүй байдлын хүрээлэнгийн Ерөнхийлөгч Ки Жун Ким, Энэтхэгийн Батлан хамгаалах стратегийн хүрээлэнгийн Зүүн Хойд Азийн төвийн дарга асан одоо Стокгольм дахь Аюулгүй байдал, хөгжлийн бодлогын хүрээлэнгийн (ISDP) Өмнөд Ази, Энэтхэг Номхон далайн төвийн дарга Жаганат Панда нар мэндчилгээ ирүүлжээ. Тус хүрээлэн байгуулагдсан цагаасаа эхлэн өдгөөг хүртэл Орос, Хятад, Энэтхэг, Турк, Умард, Солонгос, Өмнөд Солонгос, Япон зэрэг улсын 30 гаруй тинк танк, судалгааны хүрээлэнтэй харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан хамтран ажиллаж ирсэн.
“Судалгааны байгууллагын ирээдүйн төсөөлөл”, “Судалгааны байгууллагын үүрэг” гэсэн хоёр дэд хуралдаанд “Think tank…?”, “Шинэ нөхцөл байдал: ССХ-гийн өмнө тавигдаж буй зорилго, зорилтууд”, “Аюулгүй байдал судлал үүсэж хөгжихөд “Стратегийн судалгаа” сэтгүүлийн гүйцэтгэсэн үүрэг”, “Стратеги судалгааны хүрээлэнгийн аюулгүй байдлын салбарт гүйцэтгэсэн үүрэг” зэрэг илтгэл хэлэлцүүллээ.
Цэргийн түүхийн хүрээлэнгийн дэргэд орон тооны бус Стратегийн судалгааны төвийг анх 1990 онд байгуулж, улмаар 1991 онд уг төвийг БХЯ-ны дэргэд шилжиж хүрээлэнгийн суурь тавигдсан түүхтэй. Улмаар 2006 онд ҮАБЗ-ийн харьяанд шилжсэн.
Тус хүрээлэн 1994 онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалыг анхлан боловсруулж, 2010 онд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэн өөрчлөхөд мэдээлэл, судалгаа, зөвлөмжөөр хангаж хувь нэмрээ оруулсан юм.