АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден Коста-Рикагийн Ерөнхийлөгч Чавес, Нидерландын Ерөнхий сайд Рютте, БНСУ-ын Ерөнхийлөгч Юн, Бүгд Найрамдах Замби улсын Ерөнхийлөгч Хичилема нарын удирдагчидтай хамтран “Ардчиллын төлөөх хоёр дахь дээд хэмжээний уулзалт”-ыг энэ сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулж, бусад орны удирдагчид цахимаар оролцлоо.
Уулзалтыг зохион байгуулж байгаа дээрх таван улс өөрсдийн нийслэлдээ дэлхийн таван бүсийн гадаад орнуудын Засгийн газар болон төрийн бус байгууллагуудын төлөөлөгчдийг оролцуулсан бүс нутгийн сайд нарын түвшний уулзалтыг өнөөдөр төрөл бүрийн өвөрмөц сэдвээр зохион байгуулж байна.
Тухайлбал, АНУ ардчиллын дэвшилтэт технологи, Коста Рика ардчилсан тогтолцоонд залуучуудын гүйцэтгэх үүрэг, Голланд хэвлэл мэдээллийн эрх чөлөө, Өмнөд Солонгос авлигын асуудал, Замби чөлөөт, шударга сонгуулийн асуудлыг хэлэлцэнэ. Уулзалтад 120 орчим улсын Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл цахимаар болон биечлэн оролцож байна.
Дээд хэмжээний уулзалтын зорилго нь ардчилсан институцийг бэхжүүлэх, авлигатай тэмцэх, хүний эрхийг хамгаалах явдал бөгөөд анхны дээд хэмжээний уулзалтыг АНУ 2021 онд зохион байгуулсан.
Уулзалтад оролцогч 70 гаруй улс хамтарсан тунхаглал гаргаж, дэлхийн бусад орны удирдагчдыг дараах хүчин чармайлтад нэгдэхийг уриалж байна. Үүнд:
- Хүний эрхийн түгээмэл тунхаглал, хүний эрхийн холбогдох олон улсын баримт бичигт тусгагдсан хүний эрх, үндсэн эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах, биелүүлэх үүрэг, амлалтаа дахин баталгаажуулах, хүний эрхийг зөрчиж буй гэмт хэрэгтнүүдэд хариуцлага тооцох;
- Эрх чөлөөт, шударга сонгуулиар бүх иргэдийн Засгийн газраа сонгох эрхийг хүндэтгэж, хүртээмжтэй, ил тод байх үүрэг хүлээх, хууль бус хязгаарлалт, хөндлөнгийн оролцоо, айлган сүрдүүлэхгүйгээр иргэдийг сонгуульд тэгш эрхтэйгээр оролцох эрх, боломжийг олгох;
- Ард иргэдийн эдийн засаг, нийгэмдээ бүрэн дүүрэн оролцох боломжийг бүрдүүлдэг хууль дээдлэх ёс, шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, засгийн газар, эрх баригчид болон бусад сонирхогч талуудыг хянах, тэнцвэрт байдлыг хангадаг шударга, хараат бус, хүртээмжтэй шүүхийн тогтолцоог хангах;
- Иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хүндэтгэх, хамгаалах, биелүүлэх, бүх улс төрийн хоригдлуудыг суллах;
- Авлига, хууль бус санхүүжилтийн бүхий л хэлбэрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, сайн засаглалыг дэмжих, шударга ёсыг хангах;
- Ардчиллын чухал бүрэлдэхүүн хэсэг болох тайван цуглаан, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг онлайн болон хаалттай хэлбэрээр хүндэтгэж, дэмжих;
- Аливаа үндэслэлээр ялгаварлан гадуурхах, тэр дундаа хүйс, арьс өнгө, үндэс угсаа, гарал үүслээр нь ялгаварлан гадуурхах хэлбэрүүдтэй тэмцэх;
- Эмэгтэйчүүд, охидын хүний эрхийг хамгаалах, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх чөлөө, хамтын хэлэлцээр зэрэг хөдөлмөрийн үндсэн эрхийг хүндэтгэх;
- Дижитал болон шинээр гарч ирж буй технологиудыг хариуцлагатай ашиглах, интернетийн хүртээмжийг дэмжих, иргэний орон зайг хамгаалах, хүний эрхийг онлайнаар эдлэх боломжийг олгох;
- Дэлхийн хамгийн чухал сорилтуудыг шийдвэрлэхийн тулд хамтран ажиллах зэргийг уриалжээ.[1]
Ардчиллын төлөөх дараагийн гурав дахь дээд хэмжээний уулзалтыг БНСУ хариуцан зохион байгуулахаа мэдэгдэж байна.
Эх сурвалж: https://www.idea.int/news-media/multimedia-reports/supporting-summit-democracy-2023