Өнгөрсөн долоо хоногт БНАСАУ-ын байгуулагдсаны 74 жилийн ой, Ардын дээд чуулганы үеэр Умард Солонгос цөмийн зэвсэгтэй улс гэдгээ тунхаглаж, өөрийгөө хамгаалахын тулд урьдчилан сэргийлэх цөмийн цохилт өгөх эрхийг баталгаажуулсан “Цөмийн хүчний бодлогын тухай хууль”-ийг шинэчлэн баталлаа.
Умард Солонгос цөмийн зэвсэг эзэмших нь тус улсын хууль ёсны, салшгүй эрх учраас Пхеньян цөмийн зэвсгээс ангижрах талаар ямар нэгэн хэлэлцээ хийхээс татгалзаж, АНУ-ын цөмийн аюулыг таслан зогсооход зайлшгүй шаардлагатай цөмийн зэвсгийн арга, хэрэгслийг үргэлжлүүлэн хөгжүүлэх, цөмийн хүчний үйл ажиллагааны үр ашиг, найдвартай байдлыг нэмэгдүүлэх болно гэдгээ БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Ардын дээд хурлын 14 дэх удаагийн VII чуулганд дээр мэдэгдлээ. Улмаар цөмийн хүчний талаар хариуцлагатай бодлого баримталж, цөмийн зэвсэг, цөмийн технологи, цацраг идэвхт материалыг түгээн дэлгэрүүлэхээс сэргийлэхийн тулд тэдгээрийг найдвартай хадгалах, хамгаалах талаар тууштай арга хэмжээ авахаа амлажээ.
БНАСАУ-ын Ардын дээд хурлаас 2013 онд баталсан өмнөх хууль тогтоомжид тусгагдсан, “Умард Солонгос цөмийн зэвсгийг дайсагнагч цөмийн зэвсэгтэй улс орны түрэмгийлэл, довтолгоог няцаах, хариу цохилт өгөх зорилгоор цөмийн зэвсгийг ашиглаж болно” гэсэн номлол нь цөмийн тогтоон барих, хамгаалалтын шинжтэй, цөмийн бусад гүрнийн нийтлэг номлолтой төстэй байсан бол өнгөрсөн долоо хоногт батлагдсан Умардын цөмийн хүчний шинэ бодлого нь илүү удаан хугацаанд үргэлжлэх, урьдчилан сэргийлэх, түрүүлж цөмийн цохилт өгөх, довтолгооны шинжтэй байна.
БНАСАУ-ын Цөмийн хүчний бодлогын тухай шинэ хуульд дайсагнасан хүчний зүгээс Умардын цөмийн хүчний удирдлага, түүний системд аюул учруулах, төрийн удирдлага, улсын стратегийн чухал объектод цөмийн болон цөмийн бус халдлага хийхээр заналхийх үед урьдчилан сэргийлэх цөмийн цохилт өгөхөөр тусгажээ. Цөмийн хүчний шинэ бодлого нь цөмийн зэвсгийг өөрийн оршин тогтнох, аливаа аюул заналхийлэлээс урьдчилан сэргийлэх аюулгүй байдлын цорын ганц баталгаа гэж үзэж байна.
Умард Солонгосын цөмийн хүчний талаар Вашингтон мэдэгдэхдээ “АНУ Пхеньяны эсрэг дайсагнасан санаа агуулаагүй, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах чиглэлээ үргэлжлүүлнэ” гэж байгаа бол Японы Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Мацуно: “БНАСАУ-ын цөмийн пуужингийн хөтөлбөр нь манай улсын аюулгүй байдал болон олон улсын хамтын нийгэмлэгийн аюулгүй байдалд заналхийлж байна” хэмээн өнгөрсөн баасан гарагт мэдэгдлээ.
Харин Өмнөд Солонгосын Засгийн газар “Умард Солонгос цөмийн зэвсгийг үргэлжлүүлэн хөгжүүлэх нь Сөүл-Вашингтоны эвслийг улам бэхжүүлж, харин Умардыг эрсдэлд оруулж, олон улсын хамтын нийгэмлэгээс улам тусгаарлаж, Умард Солонгосын ард түмэнд тулгарч буй эдийн засгийн хүндрэлийг улам бүр дордуулж байна. Умардын цөмийн аюул заналхийллийг таслан зогсоох стратеги хэрэгжүүлэх, яриа хэлэлцээ хийх замаар Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах хүчин чармайлтаа үргэлжлүүлнэ” хэмээн мэдэгдэж байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерриш: “Умардын цөмийн зэвсэг нь олон улсын хамтын нийгэмлэгийн цөмийн эрсдэлийг бууруулах, арилгах талаар авч хэрэгжүүлсэн олон арван жилийн хүчин чармайлттай зөрчилдөж байна. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахын төлөө холбогдох гол талуудтай яриа хэлэлцээгээ сэргээхийг уриалж байна” гэжээ.