АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден, Япон улсын Ерөнхий сайд Ф.Кишида, БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль нар АНУ-ын Мериланд дахь “Кэмп Дэвид”-д энэ сарын 18-ны баасан гарагт гурван талт уулзалт хийж, аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэхээ мэдэгдэв.
Дээд хэмжээний уулзалтаар “Хамтарсан мэдэгдэл”, “Гурван талт хамтын ажиллагааны зарчим”, “Нийтлэг аюулгүй байдлын асуудлаар харилцан зөвлөлдөх үүрэг амлалт” гэсэн гурван баримт бичгийг гаргасан. Улмаар талууд уулзалтыг гурван талт жишгээр нь жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхаа мэдэгдэж, энэ удаагийн уулзалтыг “түүхэн” уулзалт хэмээн онцолсон байна.
Уулзалт дээрх гурван улс нийтлэг үнэт зүйл, инновац, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлд тулгуурласан гурван талт түншлэлийг Номхон далайн бүсэд бий болгож байгааг баталгаажуулсны дээр дараах тохиролцоонд хүрснийг гурван баримт бичигт тусгасан байна. Үүнд:
- Харилцан ашиг сонирхол бүхий асуудлаар жил тутам гурван талын удирдагчдын болон сайдын түвшний уулзалтыг тогтмол зохион байгуулах;
- Цөмийн болон пуужингийн довтолгооноос хамгаалах, шумбагч онгоцны эсрэг чиглэсэн гурван талын хамтарсан цэргийн сургуулийг үргэлжлүүлэн явуулах;
- Бүс нутгийн аюулын эсрэг хариу өгөх асуудлаар холбоотой байх байнгын суваг бий болгож ажиллуулах;
- Хойд Солонгосоос харвах пуужингийн талаарх мэдээллийг цаг тухайд нь шууд солилцох механизм бий болгож ашиглах;
- Эдийн засгийн болон далайн аюулгүй байдал, нийлүүлэлтийн шугамын асуудлаар хамтын ажиллагааг идэвхжүүлэх;
- Хойд Солонгосын кибер халдлага, НҮБ-ын хоригоос зайлсхийж байгаа асуудлаар үйл ажиллагаагаа уялдуулах;
- Тайванийн хоолойн тогтвортой, тайван байдлыг хангах чиглэлд хамтрах, эдийн засгийн дарамт шахалтын эсрэг үйл ажиллагаагаа харилцан зохицуулах.
Эх сурвалж: https://www.reuters.com/world/us-south-korea-japan-agree-crisis-consultations-camp-david-summit-2023-08-18/ (2023.08.21)