Эстонийн Таллин хот дахь НАТО-ийн Кибер хамгааллын төвд кибер аюулгүй байдлын “Хаалттай бамбай” хамтарсан сургуулилтыг энэ сарын 18-21-ний өдрүүдэд явуулна. 2010 оноос эхлэн жил бүр явуулж буй энэ удаагийн хамтарсан сургуулилтад дэлхийн 38 орны 3000 гаруй хүн оролцох ажээ.

            Сургуулилтын бэлтгэл ажилд 400 орчим байгууллага оролцож, 5500 виртуал системийг үүсгэсэн байна. “Хөх”, “Улаан” талуудын “кибер тулалдаан”-ыг бодит байдалд ойртуулсан хамтарсан сургуулилтын явцад үндэсний мэдээллийн технологийн систем болон дэд бүтцийн онц чухал объектуудыг болзошгүй дайсны томоохон хэмжээний кибер халдлагаас хамгаалах тактикийн болон стратегийн түвшинд шийдвэр гаргах асуудлыг боловсруулах юм. “Улс орны цахилгааны сүлжээ, ус цэвэршүүлэх систем, олон нийтийн аюулгүй байдлын сүлжээ зэрэг стратегийн ач холбогдолтой дэд бүтцийн системүүд кибер халдлагад өртсөн” гэх цагийн байдал үүсгэж, энэ тохиолдолд хакеруудын довтолгоонд няцаалт өгөх, учирсан хохирлыг арилгах “Шуурхай ажиллагааны бүлэг”-үүдийн харилцан ажиллагааг зохион байгуулна.    

            Кибер аюулгүй байдлын чиглэлээр жил бүр зохион байгуулдаг НАТО-ийн энэ удаагийн хамтарсан сургуулилтыг урьд өмнө оролцож байгаагүй олон улс орныг хамарсан өргөн хэмжээнд явуулж буйгаараа онцлогтой байна.

Similar Posts