Молдовын нийслэл Кишинев хотын төвд өчигдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 12-нд Оросын талыг баримтлагч сөрөг хүчин тус улсын эрх баригчдын эсрэг томоохон жагсаал зохион байгууллаа.
Молдовын нийслэлд өрнөсөн жагсаалыг тус улсын сөрөг хүчний “Шор” нам, “Ард түмний төлөөх хөдөлгөөн” зохион байгуулсан бөгөөд жагсагчид өвлийн гурван сарын дулаан, цахилгааны төлбөрийг төлөхийг Засгийн газраас шаардаж, өнөөдрийн 13:00 цаг хүртэл нэг хоногийн хугацаатай тулган шаардах бичиг өгөөд байна.
Жагсагчид мөн Ерөнхийлөгч Майя Санду болон Засгийн газар, парламентыг огцрохыг шаардаж, тэдгээрийн байр руу нэвтэрч орохыг оролдсон тул цагдаа нар, жагсагчдын хооронд мөргөлдөөн болж 54 хүнийг баривчилсны 21 нь насанд хүрээгүй хүүхэд байна.
Бусад хотоос жагсаалд оролцох хүмүүсийг тээвэрлэсэн 14 автобусыг цагдаа нар нийслэл руу орох зам дээр саатуулж, зорчигчдыг буулгаж, автобусыг буцаасан ч олон мянган хүн явганаар жагсаалыг чиглэн явж байна.
АНУ-ын тагнуулын мэдээлснээр, “Оросын аюулгүй байдлын албатай холбоотой хүмүүс Молдовын Засгийн газрын эсрэг бослого дэгдээж, тус улсад Оросын талыг баримтлагч удирдлага гарч ирэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна” гэжээ.
Молдовын эрх баригчид эсэргүүцлийн жагсаал, тогтворгүй байдалд Оросыг буруутгаж байгаа бол сөрөг хүчин үүнийг засгийн газрын бодлогогүй үйлдлийн эсрэг, иргэдийн эрх ашгийн төлөө тайван замаар явуулж буй жагсаал цуглаан хэмээн мэдэгдэж байна.