Стратеги судалгааны хүрээлэнд Америкийн нэрт монголч эрдэмтэн Оуэн Латтиморын ач охин хатагтай Анн Латтимор Прайс болон “Хутагт ба Латтимор: тив дамнасан өв” төслийн зохион байгуулагчид 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдөр зочилж, уулзалт хийлээ. Уулзалтад Америкийн Монгол судлалын төвийн АНУ дахь захирал М.Линдрүүф, Монгол дахь суурин захирал М.Даваасүрэн, “Дилав хутагт” сангийн гүйцэтгэх захирал Б.Уянгоо болон судлаачид оролцов.

Арга хэмжээний үеэр хатагтай Анн Латтимор Прайс өвөө, эмээгийнхээ бүтээлүүдээс тус хүрээлэнгийн Оуэн Латтиморын нэрэмжит номын санд хандивлаж, төлөөлөгчдийн хамт номын сангийн үйл ажиллагаатай танилцлаа.
Оуэн Латтимор нь Монголын түүх, соёл, геополитик, антропологийн чиглэлээр олон улсын түвшинд үнэтэй хувь нэмэр оруулж, АНУ-д Монгол судлалын хөгжлийн суурийг тавьсан нэрт эрдэмтэн билээ.

Энэхүү уулзалт нь Монгол судлалын хамтын ажиллагаа, эрдэм шинжилгээ, соёлын харилцааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
