Казахстаны Мажилис буюу парламентын доод танхимын сонгууль болон орон нутгийн бүх шатны төлөөллийн байгууллага болох Маслихатын депутатуудыг сонгох ээлжит бус сонгууль өчигдөр буюу гуравдугаар сарын 19-нд болж өнгөрлөө.
Тус улсад сонгуулийн санал хураах 10 мянга гаруй байр, мөн гадаадын 62 оронд 77 байр, түүний дотор Улаанбаатар, Эрдэнэт хотод 2 санал авах байр ажиллаж, санал хураалт өглөөний 07:00 цагаас үдшийн 20:00 цаг хүртэл үргэлжилж, сонгууль амжилттай явагдаж өндөрлөлөө.
Казахстаны 20 сая хүн амын сонгуулийн насны 12 сая иргэн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн бөгөөд сонгогчдын ирц 55 орчим хувьтай байгаа нь эрх чөлөөт, шударга сонгууль явагдсан болохыг харуулж байна.
Казахстаны парламентын доод танхимын энэ удаагийн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж байгаа бөгөөд депутатуудын 70 хувь нь намын жагсаалтаар, 30 хувь нь нэг мандаттай тойргоос сонгогдоно.
Сонгуульд бүртгүүлсэн долоон нам бүгд оролцож, сонгогчдод “бүгдийн эсрэг” санал өгөх боломж олгож байгаа нь олон намын тогтолцоонд тулгуурласан, хүний эрхийг эрхэмлэсэн, ардчилсан шинжийг тус сонгууль агуулж байна.
Урьдчилсан байдлаар тус сонгуульд эрх баригч “Аманат” нам хамгийн олонх буюу 53,25 хувийн саналаар тэргүүлж байна.
Мөн Ардчилсан эх оронч “Ауыл” нам 10.52 хувь, Бүгд найрамдах нам 8.9 хувь, Ардчилсан “Ак жол” нам 7.87 хувь, Ардын нам 6.25 хувь, Үндэсний социал демократ нам 5.31 хувийн санал авч, босго оноо давснаар парламентад суудал эзлэх төлөвтэй байна.
Казахстаны Сонгуулийн ерөнхий хороо гуравдугаар сарын 20-ны даваа гарагт урьдчилсан дүнг зарлах төлөвтэй бөгөөд сонгуулийн эцсийн дүнг 10 хоногийн дотор гаргах хуультай.