2022 оны 5 дугаар сарын 8-ны өдөр болсон Их долоогийн орнуудын удирдагчдын  цахим уулзалтад  Украйн улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский цахимаар оролцсон бөгөөд уулзалтын үр дүнгээр тэд хамтарсан мэдэгдэл гаргажээ.

Долоогийн бүлгийн орнуудын төрийн тэргүүн нар ихээхэн зовлон, сүйрлийг дагуулсан дэлхийн 2-р дайны олон сая хохирогчдод гүн эмгэнэл илэрхийлж, дэлхий нийт Украин улсыг илүү эрчимтэй дэмжих шаардлагатай гэж дурджээ. 

ОХУ-Украин улсын өнөөгийн сөргөлдөөн нь дэлхийн эдийн засгийн хямралыг гүнзгийрүүлж, дэлхийн эрчим хүчний хангамж, газар тариалангийн салбарын бордоо, хүнсний хангамжийн аюулгүй байдал, нийлүүлэлтийн сүлжээний үйл ажиллагаанд ихээхэн сөргөөр нөлөөлж, олон улсын дүрэм журамд суурилсан НҮБ-ын дүрмийг зөрчиж  байгаа тул цэргийн үйл ажиллагаагаа зогсоохыг ОХУ-ын удирдагчдад хандан уриалжээ.

Их долоогийн орнуудын төрийн тэргүүн нар энэ хүнд хэцүү цаг үед Украин улстай нэгдмэл байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Долоогийн бүлгийн зүгээс Украин улсын ардчилсан ирээдүйг хангах арга замыг эрэлхийлж, Олон Улсын Валютын Сангийн хандивын данс, Украины эв нэгдлийн сан, Дэлхийн банкны тусламжийн багц, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны сэргээн босгох багцыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Түүнчлэн холбогдох хууль эрх зүй, үйл явцтай нийцүүлэн Долоогийн бүлгийн зүгээс дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ гэж мэдэгджээ. Үүнд:

  1. ОХУ-ын нефтийн импортыг зогсоох юм уу хориглох зэргээр эрчим хүчний хараат байдлаас гарах үйл явцыг шат дараалан хэрэгжүүлэн, цэвэр эрчим хүч рүү шилжих ажлыг эрчимжүүлэх,
  2. ОХУ-аас хамаарал бүхий үйлчилгээг хориглох, урьдчилан сэргийлэх замаар тухайн улсыг бүхий л салбарт тусгаарлах явцыг эрчимжүүлэх,
  3. ОХУ-ын санхүүгийн системд чухал ач холбогдолтой банкнуудын эсрэг хориг арга хэмжээг үргэлжлүүлэх,
  4. ОХУ-ын төрийн дэглэм болон цэргийн үйл ажиллагааг санхүүжүүлж буй байгууллагуудад нэмэлт орлого олох боломжийг олгохгүй байх,

ОХУ-ын Ерөнхийлөгч болон түүнийг дэмжигч санхүүгийн элитүүд, тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн эсрэг хориг арга хэмжээг үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж:  https://www.consilium.europa.eu/en/press/press-releases/2022/05/08/g7-leaders-statement-8-may-2022/

Similar Posts