АНУ, Израилын зүгээс Ираны эсрэг эхлүүлсэн байлдааны ажиллагаа Ойрх Дорнодын бүс нутгийг бүхэлд нь хамрах шинжтэй болсноор хурцадмал байдлыг нэмэгдүүлж, улмаар дэлхийн газрын тосны зах зээл болон эрчим хүчний ханган нийлүүлэлтийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж эхлээд байна.

Хоёр дахь сардаа үргэлжилж буй энэ сөргөлдөөн сунжирахын хэрээр олон улсын харилцаанд дайны шалтгааныг харах өнцөг өөр байгаа нь илэрхий болж, стратегийн ашиг сонирхлын зөрчил, оролцооны түвшний ялгаа тодорхой илэрч эхлэв.
Ормузын хоолойн аюулгүй байдлыг хангах зорилгоор АНУ НАТО-гийн хүрээнд тэнгисийн цэргийн эвсэл байгуулах санал дэвшүүлсэн боловч Европын гол холбоотнууд цэргийн шууд оролцоонд татгалзсан байр суурь илэрхийлсэн. Тэд юуны түрүүнд дайн бүс нутгийн хүрээнээс хальж дэлхийн эрчим хүчний нийлүүлэлт, бүх төрлийн худалдааны урсгалд богино хугацаанд нөлөөлснөөр томоохон хямралд хүргэх эрсдэлээс болгоомжилж байна.
Ираны дайн сунжирбал дэлхийн зах дээр газрын тос, байгалийн хий төдийгүй нефть, химийн бүтээгдэхүүн, бордоо, хүнсний хомсдлыг бий болгож, эрүүл мэнд, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн сүлжээ доголдох эрсдэл өндөр байна.
АНУ Ираны томоохон цахилгаан станцууд руу хийх дайралтаа 10 хоногоор хойшлуулж, энэ хугацаанд 15 зүйл заалт бүхий тулган шаардалтынхаа хариуг авах, нааштай хариу авсан тохиолдолд гал зогсоох яриа хэлэлцээг эхлүүлэх бодлого баримтлаж байна.
Гэвч дайныг зогсоох талаар сөргөлдөгч талуудын харилцан тавьж буй нөхцөл одоогоор ашиг сонирхлын хол зөрүүтэй байгаа нь илэрхий байна.АНУ холбоотнуудын дэмжлэггүйгээр Иранд хуурай замын цэргийн ажиллагаа эхлүүлбэл Вьетнам, Ирак, Афганистаны кэйс давтагдаж дайн ассиметрик хэлбэрт шилжиж магадгүй юм.
