БНХАУ, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой 2022 онд тохиож буй бөгөөд БНСУ-ын Гадаад харилцааны сайд Пак Жин 8 дугаар сарын 9-ний өдөр БНХАУ-ын Циндао хотод Гадаад харилцааны сайд Ван И-тэй уулзсан билээ. Энэ нь Ерөнхийлөгч Юн Сук Ёлын засаг захиргааны тухайд анхны Хятад дахь өндөр албан тушаалтны айлчлал юм.
Тус уулзалтаар хоёр орны цаашдын харилцааг улам боловсронгуй, эрүүл тогтвортой байлгах болон үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээний тасалдалгүй байдлыг хангахаар тохиролцсон бол Хятадын тал цаашид илүү бие даасан харилцааг онцлохоос гадна улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмыг дурдсан явдал Сөүлд бие даасан бодлого баримтлахыг сануулсан хэрэг боллоо. Учир нь Ерөнхийлөгч Юн Сук Ёл сонгуулийн компанит ажлын үеэр THAAD системийг байршуулах асуудлыг дэмжиж, БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс татгалзуулахад АНУ-тай нягт хамтарсан, хатуу байр суурь баримтлах хандлагатай байсан. Нөгөөтэйгүүр, АНУ-ын санаачилсан хагас дамжуулагчийн нийлүүлэлтийн сүлжээний зөвлөлдөх байгууллага болох “Чип 4”-ийн уулзалтад оролцох хүсэлтээ БНСУ илэрхийлсэн.
Сөүлд 2017 онд THAAD систем байршуулсныг БНХАУ-ын ашиг сонирхлыг зөрчсөн хэмээн үзэж БНХАУ, БНСУ-ын харилцаа сүүлийн арван жилд байгаагүй доод түвшинд хүрч байсан билээ. БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч 8 дугаар сарын 10-ны өдөр БНСУ-ын Засгийн газрын дэвшүүлсэн “Гурван үгүй, нэг хязгаар” зарчмыг БНХАУ дэмжиж байгаа бөгөөд пуужингаас хамгаалах THAAD системийн асуудлаар талууд харилцан ойлголцолд хүрээд байгаа аж. Угтаа Ерөнхийлөгч Мүн Жэ Иний үед БНАСАУ-ын асуудлаар “Гурван үгүй” бодлого буюу сүйрүүлэхгүй, нэгтгэхгүй, уусгахгүй зарчмын амлалт өгч байсан билээ.
Энэхүү зарчмыг пуужингаас хамгаалах THAAD системыг нэмж байршуулахгүй, АНУ-ын пуужингаас хамгаалах сүлжээнд нэгдэхгүй, АНУ, Японтой гурван талт цэргийн эвсэлд нэгдэхгүй ба нэг хязгаар нь THAAD системийн pадарын хамрах хүрээг хязгаарлахаар тохирсон тухай байсан хэмээн Бээжин тайлбарладаг. Харин БНСУ-ын талаас үүнийг няцаасан бөгөөд айлчлалын талаар ГХЯ-ны мэдээнд THAAD системийн тухай огт дурдаагүй бол БНСУ-ын гадаад харилцааны сайд Пак Жин айлчлалын дараа сэтгүүлчдэд хандан “…THAAD систем нь цөмийн болон пуужингийн аюул заналаас өөрийгөө хамгаалах хэрэгсэл төдий…” хэмээн мэдэгдлээ.
Ямартаа ч айлчлалын талаарх талуудын ойлголт харилцан адилгүй агаад THAAD системийн асуудал хөндөгдөж эхэлсэн тул цаашид Ерөнхийлөгч Юн Сук Ёл засаг захиргаа АНУ, БНХАУ-ын хооронд тэнцвэр хадгалахад улам хүндрэлтэй боллоо.
Эх сурвалж:
外交部, 王毅:坚持五个“应当”,推动中韩战略合作伙伴关系健康稳定发展, 2022/08/09, https://www.fmprc.gov.cn/wjbzhd/202208/t20220809_10738350.shtml
Global Times, “Chinese FM urges more independent, mature bilateral ties”, Aug 09, 2022, https://www.globaltimes.cn/page/202208/1272626.shtml
Korea JoongAng Daily, “Korea states intention to participate in ‘Chip 4”, Aug 8, 2022, https://koreajoongangdaily.joins.com/2022/08/08/business/industry/Korea-Chip-4-chip-alliance/20220808102641940.html
外交部, 2022年8月10日外交部发言人汪文斌主持例行记者会, 2022/08/10, https://www.fmprc.gov.cn/fyrbt_673021/202208/t20220810_10739931.shtml
Yonhap news, “Renewed THAAD row heralds bumpy ride ahead for Yoon’s China policy”, Aug 11, 2022, https://en.yna.co.kr/view/AEN20220811007000325?section=news
“Outcome of Korea-China Foreign Ministers’ Meeting”, MOFA, ROK, Aug 11, 2022, https://www.mofa.go.kr/eng/brd/m_5676/view.do?seq=322076&page=1
Yonhap news, “China says S. Korea has vowed to limit THAAD operation, heralding continued diplomatic row”, Aug 10, 2022, https://en.yna.co.kr/view/AEN20220810009251325