2022 оны нэгдүгээр сарын 12-нд Брюссель хотноо НАТО-гийн төв байранд НАТО Оросын Зөвлөл (NRC)-ийн хуралдаан дөрвөн цаг үргэлжилж хэвлэлийн бага хурлаар өндөрлөлөө. Тус хуралдаан нь сүүлийн хоёр жилийн хугацаанд хоёр талын харилцаа тасраад байсны дараа хийгдсэн анхны уулзалт болж байгаагаараа онцлог бөгөөд хуралдаанаар талууд Европын аюулгүй байдлын тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ.

Хуралд Оросын талыг Батлан ​​хамгаалахын дэд сайд Александр Фомин, Гадаад хэргийн дэд сайд Александр Грушко нар тэргүүлсэн бол Америкийн талыг Төрийн нарийн бичгийн даргын орлогч Вэнди Шерман төлөөлж, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг хуралдааныг удирдан явууллаа. Хуралдаанд мөн НАТО-гийн гишүүн 30 орны дипломат болон цэргийн төлөөлөл оролцлоо.

Хуралдааны гол сэдэв нь НАТО-г өргөжүүлэхгүй гэсэн баталгааг авах, Украинд түрэмгийлэл үйлдэхгүй гэсэн баталгааг гаргуулах гэсэн хоёр талын харилцан бие биедээ тавьсан аюулгүй байдлын баталгааны асуудал байв.

АНУ, Орос, Украин, Монгол зэрэг ЕАБХАБ-ын нийт 57 гишүүн улс оролцох маргаашийн Венад болох Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын хуралдаанаар НАТО Оросын Зөвлөлийн энэхүү хуралдааны үр дүнг үргэлжлүүлэн хэлэлцэхээр төлөвлөж байна.

Энэхүү дэс дараалсан гурван уулзалтын дараа АНУ, НАТО нь Оросын тавьсан асуудлуудад дүн шинжилгээ хийж, байр сууриа нэгтгэн албан ёсны хариуг бичгээр өгөх төлөвтэй байна. Гэвч, НҮБ-ийн дүрэм болон НАТО-гийн дүрмээр улс бүр өөрийн хөгжлийн зам, аюулгүй байдлаа хангах арга хэрэгслэлийг сонгох бүрэн эрх чөлөөтэй тул  Украин, Гүржийн эрхийг хааж боосон, НАТО-д элсүүлэхгүй гэсэн эрхзүйн баталгааг бичгээр НАТО хэзээ ч гаргаж өгөхгүй бололтой.  

Харин хуралдааны үр дүнд хоёр тал Москва дахь НАТО-гийн төлөөлөгчийн газар болон НАТО-д дахь ОХУ-ын төлөөлөгчийн газрыг урьдчилсан ямар нэг нөхцөлгүйгээр дахин нээж магадгүй юм.  

Мөн тус хуралдааны үр дүнд хоёр талын цэргийн хээрийн сургуулилтын ил тод байдлыг нэмэгдүүлэх, сансар огторгуй болон кибер аюулыг багасгах, зэвсгийн хяналт, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх асуудлыг дараа дараагийн НАТО Оросын Зөвлөлийн хуралдаануудаар  үргэлжлүүлэн хэлэлцэж нааштай шийдвэрүүд гаргах төлөвтэй байна.

Similar Posts