Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёол Вашингтонд өнгөрсөн долоо хоногт айлчилж, АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байдентай олон чухал асуудлаар ярилцсаны дотор Умард Солонгосын цөмийн аюулын эсрэг хэлэлцээр хийж, Вашингтоны тунхаглал гаргалаа.
Хэлэлцээрийн гол агуулга нь АНУ цөмийн зэвсэгтэй шумбагч онгоцнуудаа Өмнөд Солонгост үе, үе байрлуулж, Сөүлийг цөмийн төлөвлөлтийн ажиллагаандаа татан оролцуулах бол хариуд нь Өмнөд Солонгос цөмийн зэвсэг бүтээхгүй байх үүрэг амлалт хүлээсэнд оршиж байна.
Вашингтоны тунхаглалын үр дүнд хоёр тал Цөмийн зөвлөлдөх бүлэг байгуулж, Умард Солонгосын заналхийллийн эсрэг цөмийн стратегийн төлөвлөлт, сургуулилт, загварчлалын асуудлыг хамтран боловсруулж байхаар боллоо.
Айлчлалаар Ж.Байден, Юн Сук Ёол нар АНУ-Өмнөд Солонгосын эвслийн 70 жилийн ойг тэмдэглэж, хоёр улсын эдийн засгийн харилцаа, уур амьсгалын өөрчлөлт, Ковид-19 тахал, кибер хамтын ажиллагаа, оюутан солилцооны хөтөлбөр зэрэг асуудлыг мөн хэлэлцжээ.
Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-us-canada-65404805