Үйл явдлын товч:

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун уламжлалт шинэ жилийн мэндчилгээгээ хоёр дахь жилдээ алгасаж анх удаа өөрийн гараар бичсэн захидлыг сонинд нийтэлсэн бол 2021 оны 1 дүгээр сарын 5-наас 12-ны өдрийн хооронд Солонгосын Хөдөлмөрийн Намын Их хурлыг таван жилийн дараа хуралдуулав.

Шинэ жилийн мэндчилгээг алгасав

БНАСАУ-ын зүгээс эдийн засгийн хөгжил, цөмийн хөтөлбөр, гадаад бодлогын ололт амжилтыг шинэ жилийн мэндчилгээндээ дүгнэхийн зэрэгцээ бодлогын цаашдын чиг хандлагыг тодорхойлдог уламжлалтай. 1946 оноос эхтэй энэхүү шинэ жилийн мэндчилгээг Ким Жөн Ун 2013 оноос сэргээж 1 дүгээр сарын 1-ний өдөр илтгэл тавьдаг тул дэлхий нийтээрээ анхаарч, таамаг дэвшүүлдэг билээ.

2019 оноос Ким Жөн Ун шинэ жилийн мэндчилгээний хэлбэрийг өөрчлөн индэр дээрээс бус европ костюм өмсөж, тухтай орчинд сууж мэндчилгээ дэвшүүлсэн нь чөлөөтэй, өөртөө итгэлтэй бөгөөд хүчирхэг болсон гэдэг имижийг бүрдүүлсэн (Зургийг үзнэ үү). Түүнчлэн 38 удаа “эдийн засаг”хэмээн дурдсан нь өмнөх жилээс 81 хувь өссөн үзүүлэлттэй байв.

Харин 2020 онд Солонгосын Хөдөлмөрийн Намын (цаашид СХН гэх) Төв Хорооны 5 дугаар Нэгдсэн хуралдааныг 7 цаг хуралдуулж АНУ-ыг төдийлөн дурдаагүй явдал 2019 оны 12 сарын 31-нээс өмнө АНУ-ын талыг “шинэ санал” гаргахыг шаардаж байсан учраас харзнасан байдалтай байлаа.

2021 оны 1 дүгээрын 1-ний өдөр БНАСАУ-ын Рудун сонинд Ким Жөн Уны өөрийн гараар бичсэн 90 үгтэй захиа нийтлэгдэв. Үүнд “хүнд хэцүү цагт дэмжиж, итгэл хүлээлгэсэнд талархаж, цаашид ард иргэдийнхээ төлөө үргэлжлүүлэн тэмцэх болно” гэв.

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны шинэ жилийн мэндчилгээ
(2013-2021 он)

СХН-ын VIII Их хурлын гол агуулга ба харьцуулалт

БНАСАУ-д төрийн эрхийг барьж буй Солонгосын Хөдөлмөрийн Нам (СХН)-ын удирдлага дор бүх төрлийн үйл ажиллагааг удирддаг билээ. 1980 оноос хойш огт хийгдээгүй байсан СХН-ын ээлжит Их хурлыг 36 жилийн дараа Ким Жөн Ун сэргээж, 2016 оны 5 дугаар сард VII Их хурлыг зохион байгуулж байсан билээ (Хүснэгтийг үзнэ үү). Уг хурлаар алдар суугаа мандуулан, Ким Жөн Уныг намын “нэгдүгээр нарийн бичгийн дарга”-аас намын даргаарсонгосноор эрх мэдлээ бататгасан билээ. 2016 онд “Хүчирхэг гүрэн бүтээн байгуулалтын шинэ эрин үеийг нээцгээе” уриа лоозон дор шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлснээс 6 хоногийн дараа БНАСАУ-ын зүгээс цөмийн дөрөв дэх туршилт, сарын дараа баллистик пуужингийн туршилтыг хийж байв.

Энэ удаагийн СХН-ын VIII Их хурлаар Ким Жөн Уныг намын “ерөнхий нарийн бичгийн дарга”-аар томилов. Түүнчлэн Их хурлыг үүнээс хойш 5 жил тутам хийхээр тэмдэглэсэн бол энэ удаад оны эхэнд хуралдуулав. Угтаа намын Их хурлыг хавар эсвэл намар болох нь түгээмэл байдаг. Тодруулбал, 1945 оноос хойш СХН-ын нийт 7 удаагийн Их хурлаас 4 удаад намар, 3 удаад хавар хуралдуулж ирсэн байдаг.

 СХН-ын VII Их хуралСХН-ын VIII Их хурал
Огноо2016 оны 5 дугаар сарын 62020 оны 1 дүгээр сарын 5
Үргэлжилсэн5 өдөр8 өдөр
Төлөөлөгч34675000
ажиглагч15452000
Ким Жөн Уны албан тушаалнамын даргаар сонгогдовнамын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдов.
    Үр дүнТөв хороо, Төв аудитын хорооны ажлыг дүгнэсэн Намын дүрмийг өөрчилсөнЭдийн засгийн 5 жилийн төлөвлөгөөг баталсанТөв хороо, Төв аудитын хорооны гишүүд, нэр дэвшигч нарыг сонгосонТөв хорооны 138 албан гишүүд, албан бус 111 гишүүдийг сонгосон VII Их хурлаар баталсан эдийн засгийн 5 жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцсэн. Намын дүрмийг өөрчилсөн  
Тайлан60000 үг бүхий тайлан25000 үг бүхий товч дүгнэлт
СХН-ын VII болон VIII Их хурлын харьцуулалт

Ерөнхийдөө VIII Их хурлын агуулгыг харвал, дараах гол агуулга, чиг хандлага ажиглагдлаа. Үүнд:

  1. СХН-ын Их хурлын зургаа дахь өдрийн хуралдаанаар Ким Жөн Уныг намын Ерөнхий нарийн бичгийн даргаар (General Secretary) сонгосон бол 2012 онд Ким Жөн Ун эцэг Ким Жөн Ирийг нас барсны дараа намын “мөнхийн ерөнхий нарийн бичгийн дарга” (Eternal General Secretary)-аар сонгож эцгийн нэр, албан тушаалыг мөнхөлж байсан билээ.
  2. Үүнээс гадна намын Төв хорооны 138 албан гишүүд, албан бус 111 гишүүдийг сонгосон бол Ким Жөн Уны төрсөн дүү Ким Ёо Жон энэ удаад Төв хорооны албан гишүүдээс 21 дүгээрт жагссан нь ач холбогдолтой хэвээр байгааг илтгэж байна.
  3. Өмнөх Их Хурлаар баталсан эдийн засгийн 5 жилийн төлөвлөгөө төдийлөн хэрэгжээгүйг хүлээн зөвшөөрч , салбар бүрт алдаагаа засаж сайжруулахад тодорхой шийдлийг дараагийн 5 жилийн төлөвлөгөөнд оруулахаар ярилцав.
  4. Ким Жөн Ун хурлыг хааж “шинэ сорилт”, “шинэ өсөлт”, “шинэ ялалт” гэх үгийг ашигласнаас гадна “ард түмэн бол бурхан”, “нэгдмэл байдал”, “бие даах чадвар” үндсэн гурван санааг онцолж, цаашдын тэмцэл дардан байхгүйг санууллаа.
  5. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх болон улаанбуудайн, цемент үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх тухай дурджээ.
  6. Цөмийн эрчим хүчний үйлдвэр байгуулах буюу цөмийн дайнаас урьдчилан хамгаалах зорилгоор батлан хамгаалах хүчин чадлыг тоон болон чанарын хувьд нэмэгдүүлэх тухай дурдав.
  7.  “Гадаад нөхцөл байдал урьд өмнө байгаагүй ширүүн боллоо” гэх мэтээр АНУ-ыг хөгжлийн гол дайсан хэмээн үзэж байгаа бөгөөд АНУ-ын бодлогод “тусыг тусаар, хүчийг хүчээр хариу барих болно” гэдгээ амлав. Түүнээс гадна Ким Жөн Ун БНСУ-ын цэргийн шинэчлэл, АНУ-тай цэргийн сургуулилтыг шүүмжилж, цаашид харилцаа тодорхойгүй байгааг онцолсон нь Хоёр Солонгосын харилцаа хүйтэрснийг илтгэж байна.

Дүгнэлт

Ким Жөн Ун индэр дээрээс шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлдэг байсан бол хэв маягаа өөрчлөн ард иргэддээ илүү дотночилсон байдлаар захиа илгээв. Мөн сүүлийн үед БНАСАУ-ын зүгээс бодлогын алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрч байгаа нь “бүсээ чангалах” хэрэгтэйг илтгэж байгаа болов уу. Гагцхүү гол сорилт “гадаад нөхцөл байдлаас үүдэлтэй” тул дотоод хүч нөөц бололцоогоо “дахин тодорхойлох” хэрэгтэй гэсэн үндсэн санааг намын Их хурлаар илэрхийллээ.

Similar Posts