Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк зэрэг хурдацтай хөгжиж буй таван орны албан бус холбоо болох БРИКС-ийн XV дээд хэмжээний уулзалт энэ сарын 22-24-ний өдрүүдэд Өмнөд Африкийн Йоханнесбург хотод болж, түүнд дэлхийн 40 гаруй улсын төрийн тэргүүн нар оролцлоо.
Уулзалтад Оросын төлөөлөгчдийг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров тэргүүлж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цахимаар оролцлоо. Уулзалтын гол сэдэв нь эдийн засгийн хамтын ажиллагаа, дотоодын мөнгөн тэмдэгтээр хийх худалдааны тооцоог нэмэгдүүлэх, БРИКС-ийн хүрээг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэж, хамтарсан тунхаглал гаргалаа.
Эх сурвалж: www.rfi.fr/ru/в-мире/20230823
В.Путин цахимаар хэлсэн үгэндээ, “БРИКС шинэ колоничлол, барууны ноёрхлын бодлогыг эсэргүүцэж, олон туйлт ертөнцийг байгуулахыг дэмжиж байна.” хэмээн мэдэгдлээ. Мөн тэрээр 2024 онд ОХУ БРИКС-ийг даргалах бөгөөд БРИКС-ийн дээд хэмжээний XVI уулзалтыг Казань хотод зохион байгуулах болсноо мэдэгдлээ.
Уулзалтын үеэр Аргентин, Египет, Этиоп, Иран, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират улсууд БРИКС-ийн бүрэн эрхт гишүүнээр элсэх урилга хүлээн авлаа.
БРИКС-ийн орнуудын цаашид баримтлах бодлого, үзэл баримтлалыг тусгасан 94 зүйл заалттай, 26 хуудас бүхий томоохон баримт бичиг болох хамтарсан тунхаглалд олон талт түншлэл, энх тайван хөгжил байгаль орчин, харилцан хурдацтай өсөлтийн төлөөх түншлэл, тогтвортой хөгжлийн түншлэл, хүмүүс хоорондын харилцаа, институиц хоорондын харилцааг тусгажээ. Хамтарсан тунхаглалд: “НҮБ нь тусгаар тогтносон улс орнуудын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажилладаг олон улсын тогтолцоонд гол үүрэг гүйцэтгэдэг. НҮБ нь олон улсын харилцааны тогтолцооны тулгын чулуу боловч Аюулгүйн Зөвлөлийг илүү ардчилсан, төлөөллийн, үр ашигтай болгохын тулд шинэчлэл хийх, түүнчлэн хөгжиж буй орнуудын төлөөллийг нэмэгдүүлэх зэрэг шинэчлэл хийх шаардлагатай” хэмээн НҮБ-ын үүрэг ролийг онцолжээ.