Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” Олон улсын VI бага хурал
Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VI бага хурлыг 2019 оны зургаадугаар сарын 5, 6-ны өдрүүдэд зохион байгуулав.
Хуралд Монгол Улс, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, АНУ, ИБУИНХУ, Канад, Нидерланд, Норвеги, ХБНГУ, БНФУ, ШХУ, ЕХ мөн НҮБ-ын системийн болон бусад олон улсын байгууллагын төлөөлөгчид, эрдэмтэн, судлаач, Засгийн газрын төлөөлөгчид болох нийт 300 гаруй хүн оролцлоо. Үүнд ЗХА-ийн бүс нутгийн болон бусад орны Засгийн газрын төлөөлөгчид болон эрдэмтэн судлаачдаас гадна олон улсын хэвлэл мэдээллийн 40 төлөөлөл оролцсон болно.
Монгол Улсаас гадаад бодлого, аюулгүй байдал, эрчим хүч, хүмүүнлэг зэрэг салбарын шийдвэр гаргах болон судалгааны түвшний 160 төлөөлөгчид байсан бол олон улсын байгууллага болон Улаанбаатар дахь Дипломaт Төлөөлөгчийн Газраас 37 төлөөлөгч оролцжээ. Эрчим хүчний хамтын ажиллагаа, гамшгийн нөхцөл дэх хүмүүнлэгийн сорилт бэрхшээлүүд болон энх тайван, аюулгүй байдлын төлөөх залуучуудын оролцоо зэрэг сэдвийн хүрээнд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (UN-ESCAP), НҮБ-ын Улс төр, энхийг цогцлоох ажиллагааны газар (UN-DPPA), Олон улсын улаан загалмайн нийгэмлэг (ICRC), Европын холбоотой тус тус хамтран салбар хуралдаан зохион байгуулав.




