Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар бага хурал
Зүүн Хойд Азийн бүх улстай найрсаг харилцаатай орны хувьд тус бүс нутагт тулгамдаж буй аюулгүй байдлын асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах үүднээс анх энэхүү яриа хэлэлцээг санаачилсан билээ.
ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаар эрдэмтэн судлаачдын байр суурийг сонсож, туршлага хуваалцан, бүс нутагт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд тэдний санал зөвлөмжийг тусгах, харилцан итгэлцэл, ойлголцлыг бэхжүүлж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд эл хурлын зорилго оршино. “Хельсинкийн үйл явц”-ыг жишээлсэн ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээг (Ulaanbaatar Dialogue on Northeast Asian Security) эхлүүлэх уг санаачлагыг 2013 оны 4 дүгээр сард анх дэвшүүлсэн.
ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар бага хурлыг 2014 оны 6 дугаар сарын 17,18–ны өдрүүдэд Улаанбаатар хотноо ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэн, ГХЯ-тай хамтран зохион байгуулж байв. Хуралд газар зүйн байрлалаараа ЗХА-д шууд хамаарах Монгол Улс, ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, БНАСАУ гэсэн 6 орноос гадна АНУ, Их Британи, Герман, Нидерланд зэрэг нийт 10 орны 35 эрдэмтэн судлаач нар оролцсон юм. Монгол Улс нь ЗХА-ийн бүс нутагт тулгамдаж буй аюулгүй байдлын асуудлаар яриа хэлэлцээг зохион байгуулах бүрэн боломжтой, чадвартай хэмээн хуралд оролцогчид үнэлж, “Улаанбаатарын яриа хэлэлцээ” бага хурлыг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхаар тохирсон байна.