“УЛААНБААТАРЫН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ” ОЛОН УЛСЫН IV БАГА ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын IV бага хурлыг зургаадугаар сарын 15-16-ны өдөр Улаанбаатар хотноо ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэн, ГХЯ хамтран зохион байгууллаа.


Бага хуралд БНАСАУ, БНСУ, БНХАУ, Монгол, ОХУ, Япон зэрэг Зүүн хойд Азийн 6 улсаас гадна АНУ, ХБНГУ, Канад, Франц болон НҮБ, Европын холбоо зэрэг олон улсын байгууллагын төлөөлөл, дотоод, гадаадын нийт 150 гаруй төлөөлөгч, эрдэмтэн, судлаачид оролцлоо.


Эхний нэгдсэн хуралдаанаар уламжлалт аюулгүй байдлын асуудлыг “ЗХА-ийн аюулгүй байдлын орчны үндсэн өөрчлөлт” сэдвийн хүрээнд авч хэлэлцэж, ЗХА-д тулгамдаад буй аюулын талаар санал солилцлоо. Хоёр дахь хуралдаанаар “Зүүн хойд Азийн өнөөгийн аюулгүй байдлын орчинг сайжруулах арга зам” сэдвийн хүрээнд өрнөж байгаа үйл явцыг бус түүнээс гарах арга зам, боломжийн талаар илтгэл хэлэлцүүлж, санал солилцсон явдал нь үр дүнтэй боллоо.


Бага хурлын хүрээнд “ЗХА дахь эрчим хүчний хэлхээ холбооны үр нөлөө”, “ЗХА дахь байгаль орчны аюулгүй байдлын хамтын ажиллагааны үр нөлөө” гэсэн хоёр салбар хуралдаан болов. Энэ үеэр бүс нутгийн эрчим хүчний харилцаа холбоо, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тулгамдсан асуудал болон тэдгээрийг даван туулах арга зам, ЗХА-ийн байгаль орчны болон уур амьсгалын өөрчлөлтийн талаар хэлэлцэж, байгаль орчинд тулгамдсан аюул эрсдлийн эсрэг хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Энэ удаагийн бага хурлыг Зүүн хойд Азид тулгамдаж буй уламжлалт болон уламжлалт бус аюулгүй байдлын асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхэд дөхөм үзүүлэн, итгэлцлийг бэхжүүлж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготойгоор 1,5 дугаар суваг буюу төр засаг болон академик хосолсон хэлбэрээр зохион байгуулснаараа онцлог байв. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Зүүн Хойд Азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ"-г өрнүүлэх санаачилгыг 2013 оны дөрөвдүгээр сард Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар хурлын үеэр дэвшүүлсэн юм. Үүнээс хойш манай улс “ЗХА-ийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт”, “ЗХА-ийн орнуудын хотын дарга нарын чуулга уулзалт”, “ЗХА-ийн Эрчим хүчний хэлхээ холбоо” шинжээчдийн түвшний уулзалт, 2014 оноос хойш жил бүр “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлыг тус тус амжилттай зохион байгууллаа.