БНТУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АХМЕТ ЯЗАЛ “ЭЛЧИН САЙДЫН ЦАГ” ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦЛОО

ССХ-гийн урилгаар БНТУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язал 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр тус хүрээлэнд зочилж, “Элчин сайдын цаг” хөтөлбөрт оролцож, судлаачидтай уулзлаа. 

 Элчин сайд Ахмет Язал НАТО болон Ойрх Дорнодын асуудлыг хариуцсан дипломат албыг голдуу хашиж байсан ажлын туршлагатай юм. 2017 оны 01 дүгээр сараас Монгол Улсад томилогдон ажиллаж байгаа билээ.

Элчин сайд Ахмет Язал БНТУ-ын аюулгүй байдлын орчин, гадаад бодлогын өнөөгийн чиг хандлага, тулгарч буй сорилтууд олон улс, бүс нутгийн анхаарал татсан асуудлуудаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Өнөөгийн олон улсын анхаарлын төвд буй бүхий л үйл явц Туркийн эргэн тойронд өрнөж байгаа талаар болон тус улсын зүгээс хөрш улсууд, бүс нутагтаа тогтвортой байдлыг бэхжүүлэхэд  ихээхэн хүчин чармайлт, хөрөнгө мөнгө зарцуулж байгаа аж. Монгол-Туркийн харилцааг эрчимжүүлэх тухайд ноён Элчин сайд яриа хэлэлцээний механизмыг бэхжүүлэх, түншлэлийн хэлбэрийг ахиулах, эдийн засаг, худалдааны болон иргэд хоорондын харилцааг өргөтгөх зэрэг тодорхой саналыг дэвшүүллээ. Тэрээр олон улсын тавцанд сөргөлдөгч талууд асуудлыг дипломат аргаар, яриа хэлэлцээрийн үндсэн дээр шийдвэрлэх нь чухлыг онцолсон юм.

Уулзалтын төгсгөлд Элчин сайд Ахмет Язал судлаачдын сонирхсон асуултад хариулж, санал бодлоо солилцлоо.