“ЦӨМИЙН ЗЭВСГИЙГ ХУРААХ АСУУДАЛ: ОЛОН УЛСЫН БОЛОН БҮС НУТГИЙН ХАНДЛАГА, ТӨЛӨВ” ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ БОЛЛОО

Стратеги судалгааны хүрээлэн, “Цэнхэр сүлд” ТББ хамтран  “Цөмийн зэвсгийг хураах асуудал: олон улсын болон бүс нутгийн хандлага, төлөв” сэдэвт олон улсын бага хурлыг 2017 оны наймдугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа. НҮБ-ын гишүүн 122 орон 2017 оны долоодугаар сард “Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээ”-г эцэслэн боловсруулж баталсан бөгөөд ирэх есдүгээр сарын 20-ноос НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр тус гэрээнд гарын үсэг зурах, соёрхон батлах үйл явц эхлэх юм. Энэхүү гэрээг цөмийн зэвсэгтэй орнууд, тэдний холбоотнууд цаг үеэ олоогүй хэмээн эсэргүүцэж, уг асуудлын эцсийн шийдлийг дэлхий нийт ажиглаж байгаа болон Монгол Улс НҮБ-ын индэр дээрээс цөмийн зэвсгээс ангид байх бодлогоо зарласны 25 жилийн ой тохиож байгаа энэ үед Улаанбаатар хотод тус бага хурал болсноороо онцлог боллоо.

Хуралд Монгол Улсын ГХЯ, БХЯ зэрэг төрийн байгууллага, Монгол Улс дахь гадаадын дипломат төлөөлөгчийн газрууд, зарим төрийн бус байгууллагын төлөөлөл урилгаар оролцлоо. Мөн хуралд БНАСАУ-аас бусад ЗХА-ийн орнууд болох ОХУ, БНХАУ, БНСУ, Японы эрдэмтэд судлаачдаас гадна АНУ, Герман, Финлянд, Францын судлаачид болон ТББ-ын төлөөлөгчид оролцов. Хурлаас “Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид статусын тухай бодлогын тухай мэдэгдэл” гарсан болно.