“ЗҮҮН ХОЙД АЗИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭНИЙ МЕХАНИЗМ БҮРДҮҮЛЭХ АРГА ЗАМ БА БНАСАУ-ЫН УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСГИЙН СУДАЛГАА” НОМ

АНУ-ын Азийн сантай хамтран хэрэгжүүлсэн төслийн хүрээнд Стратегийн судалгааны хүрээлэн “Зүүн хойд Азийн Аюулгүй байдлын яриа хэлэлцээний механизм бүрдүүлэх арга зам ба БНАСАУ-ын улс төр, эдийн засгийн судалгаа” номыг олон нийтэд хүргэж байна.

Солонгосын хойгийн асуудал урьд өмнө байгаагүй аюул, түгшүүрийн харангыг дэлдээд байна. Төрийн эрх барьснаар Ким Жөн Ун өмнөх удирдагчдаас олон цөмийн туршилт хийсэн, баллистик пуужин харвасан, 36 жилийн дараа СХН-ын VII их хурлыг хуралдуулж, Ардын Их Хурлын чуулганаар нам, төрийн дээд эрхийг авсан зэрэг өөрийн хэмжээлшгүй ноёрхлоо улам баталгаажуулж буй үйлдэл үүнийг нотолно.

Тус улсын эдийн засгийн байдал хүнд хэвээр байна. Иймээс зах зээлийн эдийн засгийн анхдагч элементийг Пёньян өөрийн дэглэм, засаглалын эрх ашигт үйлчлэх хэрэгсэл болгох зорилгоор давхар ашиглах болов. Гэвч зөвхөн дэглэмийг хадгалах болон бэхжүүлэх хүрээнд зах зээлийн хөгжлийг хязгаарлаж буй тул суурь өөрчлөлт гарах магадлал бага. Гэсэн хэдий ч алсдаа энэ элемент улам газар авч тэлэхийг мөн үгүйсгэх аргагүй юм. Үүний зэрэгцээ Умард Солонгосын эсрэг улс орны ганцаарчилсан болон олон улсын хамтын нийгэмлэгийн авч буй арга хэмжээг судлах нь бүс нутгийн цаашдын хандлагыг тодорхойлоход дөхөм болно.

Энэхүү судалгааны ажил дараах хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээр хэсэгт БНАСАУ-ын дотоод өөрчлөлт, шинэчлэлтийн төлөвийг тодорхойлно. Чингэхдээ тус улсын улс төр, нийгмийн байдалд дүн шинжилгээ хийж, нийгэм эдийн засагт нь гарч буй зарим өөрчлөлт, мөн НҮБ-аас тус улсын эсрэг авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээ, Монгол Улсын оролцооны талаар тус тус өгүүлэх болно.

Хоёрдугаар хэсэгт олон улсын анхаарлын төвд буй БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн талаарх оролцогч талуудын байр суурь, хэтийн төлөвийн талаар дурьдана.

Сүүлчийн хэсэгт ЗХА-д олон талт яриа хэлэлцээний механизм бүрдүүлэх боломжийн талаар өгүүлэнэ. Чингэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г БНСУ-ын “Энх тайван, хамтын ажиллагааны санаачилга” (NAPCI) –ыг хэрхэн уялдуулах асуудлыг авч үзэж санал боловсруулав.