МОНГОЛ УЛС, ОХУ, БНХАУ-ЫН СУДЛААЧ НАРЫН ДУГУЙ ШИРЭЭНИЙ ГУРВАН ТАЛТ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛОВ


ОХУ-ын Москва хотод 2016 оны 11 дүгээр сарын 14-нд Монгол Улсын Стратегийн судалгааны хүрээлэн, ОХУ-ын Стратегийн судалгааны хүрээлэн, БНХАУ-ын Орчин үеийн олон улсын харилцааны академийн судлаач нарын оролцсон “Монгол-ОХУ-БНХАУ” Улсын гурвалжин дахь хамтын ажиллагааны хэтийн төлөв” нэртэй дугуй ширээний анхдугаар уулзалт болов.

Уулзалтад ОХУ-ын Стратегийн судалгааны хүрээлэнгийн орлогч захирал А.В.Глазова тэргүүтэй Төв Ази, Ойрх Дорнодын асуудал хариуцсан судлаач нар, БНХАУ-ын Орчин үеийн олон улсын харилцааны академийн Дэд ерөнхийлөгч Фэн Жунфин тэргүүтэй Орос судлалын төвийн судлаач нар, Монгол Улсын Стратегийн судалгааны хүрээлэнгийн Олон улсын аюулгүй байдлын судалгааны төвийн эрхлэгч Г.Базарваань тэргүүтэй судлаач нараас гадна ОХУ-ын ШУА-ын Дорно дахин судлалын институт, Москвагийн Их сургуулийн Ази, Африкийн институт, ОХУ-ын Гадаад хэргийн яамны дэргэдэх Москвагийн Олон улсын харилцааны институт болон хэвлэл мэдээллийнхэн оролцлоо.   

Уулзалтаар улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, хил дагуух болон бүс нутаг хоорондын хамтын ажиллагаа болон хүмүүнлэгийн салбарын харилцаа зэрэг өргөн хүрээний асуудлуудыг хөндлөө.