“МОНГОЛ УЛСЫН ТӨВИЙГ САХИХ БОДЛОГО БА МОНГОЛ-ЕВРОПЫН ХАРИЛЦАА” СЭДЭВТ ХУРАЛ БОЛЛОО


Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 оны 9 дүгээр сард “Монгол: Төвийг сахих” өгүүллээ бичиж, түүнд төвийг сахих санаачилгаа дэвшүүлэн, НҮБ-ын индрээс Монгол Улс байнгын төвийг сахих тухай зарласан билээ. Мөн түүнчлэн төвийг сахих статусын тухай хууль санаачлан УИХ-д өргөн барьснаас хойш дотоодын ахмад дипломатууд, эрдэмтэн, судлаачид төвийг сахих бодлогын онол, практикийн асуудлыг хөндөн ярилцаж, олон улсын туршлага, алдаа онооны талаар өргөн хэлэлцүүлэг өрнүүлэх болсон.

Стратегийн судалгааны хүрээлэнгээс уг асуудлаар цуврал хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд энэ удаагийн хурлыг ХБНГУ-ын Конрад Аденауэр сангийн суурин төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр “Монгол Улсын төвийг сахих бодлого ба Монгол-Европын харилцаа” сэдвийн хүрээнд зохион байгууллаа. Хурлаар Монгол Улсын байнгын төвийг сахих бодлого ба Монгол-Европын харилцааны асуудлыг хэлэлцсэнээс гадна хуралд Туркменистан улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Чинар Тажиева Рустамова оролцон Туркменистаны байнгын төвийг сахих бодлогын ололт, амжилт, учирч буй сорилтын талаар ярьсан нь онцлог байв.