ЗҮҮН ХОЙД АЗИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДЛААРХ “УЛААНБААТАРЫН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ III БАГА ХУРАЛ 2016 ОНЫ 06 ДУГААР САРЫН 16, 17-НЫ ӨДРҮҮДЭД БОЛЛОО

Монгол Улс ЗХА-ийн бүх улс оронтой найрсаг харилцаатай бөгөөд тус бүс нутагт тулгамдаж буй аюулгүй байдлын асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах үүднээс гурав дахь удаагийн хурлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэн, Монгол Улсын ГХЯ-ны дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэвшүүлсэн энэхүү санаачилгын хүрээнд зохион байгуулдаг тус бага хуралд эрдэмтэн судлаач, салбарын мэргэжилтнүүд оролцон харилцан санал солилцдог уламжлалтай.

Тус хуралд ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, БНАСАУ, АНУ, ХБНГУ, БНФУ, БНЭУ, Авсрали, ИБУИВУ, Монгол Улсаас гадна НҮБ, Европын Холбоо, Швейцарийн Улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөл нийт 132 төлөөлөгч оролцсон нь хурал өргөжиж буйн тод илрэл юм.

Энэ удаагийн хурлаар ЗХА-ийн аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, учирч буй сорилт, бүс нутагт харилцан ойлголцол, итгэлцэл бий болгох тодорхой алхам, ЗХА-ийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих, дэд бүтцийн хэлхээ холбоог хөгжүүлэх асуудлаар эрдэмтэн, судлаачдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэхийн зэрэгцээ бүс нутгийн хүрээлэн буй орчныг хамгаалах, гамшгийн менежментийн хамтын ажиллагааны талаар талууд анх удаа туршлага солилцлоо.