БНТУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ СТРАТЕГИЙН СУДАЛГААНЫ ТӨВИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД АЙЛЧЛАВ

Монгол Улсын ҮАБЗ-ийн ССХ-гийн урилгаар БНТУ-ын Гадаад хэргийн яамны Стратегийн судалгааны төв /SAM/-ийн Дарга проф. Д-р Али Ресул Усул тэргүүтэй төлөөлөгчид 2016 оны 06 дугаар сарын 07-ноос 09-ний өдөр Улаанбаатар хотноо айлчлав. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд БНТУ-ын Гадаад хэргийн яамны Стратегийн судалгааны төв /SAM/-ийн ажилтан Озан Акин, болон Коч Их сургуулийн проф. Ахмет Ичдуюгу /Prof. Ahmet Icduygu, Koç University/, Бахчешехир Их сургуулийн проф. Экрэм Татоглу /Prof. Ekrem Tatoglu, Bahcesehir University / нар орсон байв.  

Айлчлалын үеэр хоёр талын хооронд уламжлал болон тогтсон, хамтарсан дөрөв дэх удаагийн “Хоёр талын яриа хэлэлцээ”-г 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Уг хурлаар проф. Ахмет Ичдуюгу “Сирийн хямралын үр дүн болох цагаачлалын талаарх Туркийн Бодлого” / Turkey's Policies towards Migration in the Light of Crisis in Syria /, проф. Экрэм Татоглу “Монгол-Туркийн худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааны хөгжих боломж” /An Outlook on the Growing Potential of Turkish-Mongolian Bilateral Trade and Investment Relations/ сэдвээр сонирхолтой илтгэл хэлэлцүүлэв. Харин ССХ-ийн талаас “Монгол Улсын гадаад бодлого, Төвийг сахих статус”, “Бүс нутгийн байгууллагууд дахь Монгол Улсын оролцоо: НАТО, ЕАБХАБ” болон “Евразийн бүс нутаг дахь эдийн засгийн санаачилга, Монгол Улсын боломж” сэдвээр тус тус илтгэлээ.

Түүнчлэн хоёр талын удирдлага болон судлаачид цаашид хамтын ажиллагаагаа улам бүр баялаг агуулгатай, харилцан ач холбогдолтой болгон хөгжүүлэх чиглэлд санал бодлоо хуваалцсан юм.