БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД КАЛЫБЕК ИБРАГИМОВИЧ КОБЛАНДИН “ЭЛЧИН САЙДЫН ЦАГ” ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦЛОО

ССХ-гийн урилгаар БНКазУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Калыбек Ибрагимович Кобландин 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр тус хүрээлэнд зочилж, “Элчин сайдын цаг” хөтөлбөрт оролцож, судлаачидтай уулзлаа. 

Элчин сайд Калыбек Ибрагимович Кобландин Кыргызстан, Тажикстан, ОХУ, Узбекистан улсад Бүгд Найрамдах Казахстан Улсыг төлөөлөн дипломат алба хашиж байсан аж. Түүхийн ухааны доктор тэрээр XIX-XX зууны казахын түүх, гадаадад амьдарч буй казах хүмүүсийн түүхтэй холбоотой 150 гаруй шинжлэх ухаан-танин мэдэхүйн нийтлэл бичиж, ном туурвижээ. 

Элчин сайд Казахстаны гадаад бодлого, Монгол-Казахстаны харилцааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Казахстаны олон туйлт гадаад бодлого, бүс нутаг, олон улсад тогтвортой байдал, энх тайвныг бэхжүүлэх чиглэлд НҮБ болон олон улсын бусад хамтын нийгэмлэг, олон талт механизмын хүрээнд дэвшүүлж буй санал, санаачилгууд зэрэг асуудлыг хөндөн ярилаа.

Уулзалтын төгсгөлд Элчин сайд Калыбек Ибрагимович Кобландин судлаачдын сонирхсон асуултад хариулж, санал бодлоо солилцлоо.