ОХУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД С.В. ЛАВРОВ “ЗҮҮН АЗИД ЯВУУЛЖ БУЙ ГАДААД ОХУ-ЫН БОДЛОГО” СЭДВЭЭР ЛЕКЦ УНШЛАА

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Тэрээр айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын ГХЯ-д “Зүүн Азид явуулж буй ОХУ-ын гадаад бодлого” сэдвээр лекц уншсан юм. Лекц мөн өдрийн 13.30 цагт Гадаад хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд болж, Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал доктор Д.Ганбат уг үйл ажиллагааг удирдан явуулав.

Тус ажиллагаанд Монгол Улсын үе үеийн Гадаад хэргийн сайд, дипломатч, эрдэмтэн судлаачид, ОХУ-ын Олон улсын харилцааны дээд сургуулийн төгсөгчид болон ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл оролцов.

Лекцийн үеэр Сергей Викторович ОХУ-ын гадаад бодлогын зарим асуудлаар дэлгэрэнгүй тайлбар хийсний зэрэгцээ эрдэмтэн судлаачдын асуултад хариулав. Сүүлийн жилүүдэд хөрш гурван орон буюу БНХАУ-Монгол-ОХУ-ын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын шинэ механизм тогтмолжиж байна. Энэхүү механизмын үр дүн болон гурван улсыг дамнасан Эдийн засгийн коридор байгуулах санаачилгын талаарх оролцогчдын асуултад тэрээр “... Орос, Монгол, Хятад улсын гурван талт хамтын ажиллагааны хүрээнд “Эдийн засгийн коридор” байгуулах ажил цаашид амжилттай өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна ...” гэв.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров Монгол Улсаас гадна БНХАУ болон Япон улсад айлчлах юм.