ССХ-ИЙН ТӨЛӨӨЛӨЛ ЕАБХАБ-ЫН ОРНУУДЫН ТИНК-ТАНК, СУДАЛГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН НЭГДСЭН СҮЛЖЭЭНИЙ II УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО

photo by Florian FeltenPhoto by Florian Felten

ЕАБХАБ-ын орнуудын тинк-танк, судалгааны байгууллагуудын Нэгдсэн сүлжээний II уулзалт 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр ХБНГУ-ын Хамбург хотноо боллоо. Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Др.Д.Ганбат ССХ-г төлөөлөн уг уулзалтад оролцов. Уулзалтын үеэр нийт 40 байгууллагын 60 гаруй төлөөлөгч 2016 оны ЕАБХАБ-ын үйл ажиллагаа, учирч болзошгүй сорилт, тус байгууллагыг энэ жил даргалж буй ХБНГУ-ын төлөвлөгөө, Нэгдсэн сүлжээний ирэх жилд зохион байгуулах үйл ажиллагаа зэрэг сэдвээр ярилцлаа.

Уулзалтын төгсгөлийн хуралдааны үеэр ХБНГУ-ын засгийн газрыг ЕАБХАБ-д төлөөлөх тусгай төлөөлөгч Гернот Эрлер тус байгууллагыг энэ жил даргалж буй Герман улсын төлөвлөгөө, баримтлах зарчмын талаар илтгэл тавьлаа. ССХ-ийн захирал Д.Ганбат бусад 6 оролцогчийн хамт уг илтгэлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо солилцов.

Стратегийн судалгааны хүрээлэн ЕАБХАБ-ын орнуудын тинк-танк, судалгааны байгууллагуудын Нэгдсэн сүлжээнд үүсгэн байгуулагч гишүүнээр 2013 онд нэгдсэн билээ. Нэгдсэн сүлжээнд 36 улсын 54 байгууллага гишүүнчлэлтэйгээс Монгол Улсыг Стратегийн судалгааны хүрээлэн, Хууль сахиулах их сургууль төлөөлж байна.