Улаанбаатарын яриа хэлэлцээ олон улсын хурлын эмхтгэл хэвлэгдэн гарлаа

Улаанбаатарын яриа хэлэлцээ олон улсын хурлын эмхтгэл хэвлэгдэн гарлаа

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ олон улсын хоёрдугаар хурлын эмхтгэл уншигчдын гар дээр очлоо.

Зүүн хойд Азид яриа хэлэлцээний механизм бий болгох замаар итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлж, аюулгүй байдлыг сорилтуудыг хамтын хүчээр даван туулж, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улаанбаатарын яриа хэлэлцээ санаачилгыг 2013 онд анх дэвшүүлсэн билээ.

Улаанбаатарын яриа хэлэлцээ олон улсын хоёрдугаар хурал 2015 оны 06 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд тохиож, Монгол, ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, АНУ, БНЭУ-ын олон улсын харилцаа, аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн 100 гаруй эрдэмтэн, судлаач оролцсон юм. Хурлын үеэр аюулгүй байдлын уламжлалт асуудал, уламжлалт бус асуудал, эрчим хүч ба тээврийн хэлхээ холбоо гэсэн гурван үндсэн сэдвийн хүрээнд оролцогчид илтгэл тавин хэлэлцсэнийг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэн, Монгол Улсын Гадаад хэргийн яам англи хэлээр ийнхүү эмхтгэн гаргалаа.

            Тус эмхтгэлд орсон илтгэлүүд нь ЗХА-ийн аюулгүй байдалд ямар сорилтууд тулгарч байгаа вэ; аюулгүй байдлын уламжлалт хийгээд уламжлалт бус асуудлуудыг талууд нэгдсэн ашиг сонирхлоор хэрхэн шийдвэрлэх шаардлагатай вэ; бүс нутгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд улсууд хэрхэн оролцох вэ гэсэн үндсэн асуултуудад хариулахыг эрмэлзсэн бөгөөд “Монгол Улс ЗХА-ийн уламжлалт аюулгүй байдлын механизмд оролцохыг зорьж буй шалтгаан”, “Абэгийн зам: Японы аюулгүй байдлын шинэ бодлого”, “ЗХА дахь уламжлалт бус аюулгүй байдлын хамтын ажиллагаа: бүс нутгийн хамтын ажиллагааны төлөв”, “ЗХА-ийн аюулгүй байдлын төлөөх Хятад ба АНУ: Өрсөлдөөн үү, хамтын ажиллагаа юу” зэрэг сонирхолтой сэдвүүдээс бүрдсэн байна.

            Улаанбаатарын яриа хэлэлцээ олон улсын гуравдугаар хурал 2016 оны 06 дугаар сард болно.