“Олон улсын байдал ба Монгол Улс 2014 онд” ном хэвлэгдэн гарлаа

Стратегийн судалгааны хүрээлэнгээс жил бүр эрхлэн гаргадаг “Олон улсын байдал ба Монгол Улс 2014 онд” ном хэвлэгдэн гарлаа. Энэ номонд 2014 онд өрнөсөн Монгол Улсын гадаад бодлого, аюулгүй байдлыг тодорхойлогч хүчин зүйл дотроос Хятад, Орос, ЗХА, Төв Ази, Европ болон АНУ тэргүүлэх шинжтэй байдгийг харгалзан, дэвшүүлсэн бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээг, хөрш бүс нутаг бүрээр нарийвчлан ажиглахын зэрэгцээ хоорондын зохицол, зөрчил, түүнээс үүсэх үр дагаврыг таамаглан шинжилсэн юм.

2014 онд олон улсад өрнөсөн үйл явдлууд дэлхий дахины аюулгүй байдал хэврэг, үйл явдлын өрнөл хурдассан, харилцан хамаарал гүнзгийрснийг харууллаа. Өнгөрсөн онд дэлхий дахиныг “донсолгосон” эдгээр үйл явдал дотроос манай улсын гадаад бодлого болон хоёр хөрш, “гуравдагч хөрш”-ийн ашиг сонирхлыг хөндсөнийг нь түлхүү анхаарч энэ тоймд тусгасан болно.

Ийнхүү 2014 оныг аюулгүй байдлын судалгааны өнцгөөс харвал удаа дараагийн террорист халдлага, Украйны хямрал, Умард Солонгосын цөмийн хөтөлбөр, улс хоорондын газар нутгийн маргаан зэрэг ужгирсан хямралын ул мөр арилаагүй байгаа нь хүн төрөлхтөнд цаашид шийдвэрлэх олон асуудал, санаж сэрэх, эвлэлдэн зохицох зайлшгүй шаардлага байгааг дахин нотоллоо.

Уг ном нь:

  1. Боломж эрсдэл зэрэгцсэн Хятад улс
  2. Москвад сорилт тулгарсан 2014 он
  3. Өрнөдийн ертөнцийг сорьсон жил
  4.  Нэгдсэн “Мөрөөдөл” Зүүн хойд Азид үгүйлэгдэж байна
  5. Төв Азийн аюулгүй байдлын орчин 2014 онд гэсэн агуулгатай юм.